Эрдэнэт хотноо энэ сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын спортын XVIII их наадмын нээлтийн ёслол Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарди” паласт боллоо. 18 дахь удаагаа болж буй тус наадмын нээлтийн эхэнд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос зорин ирсэн Мэргэшсэн нягтлан бодогчдын баг тамирчдыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн баг тэргүүлэн, эгнэн жагсаж мэндчилэв.
Хоёр жил тутамд зохиогдсоор ирсэн тус спортын наадмыг энэ жил Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Орхон аймаг дахь салбар төрөлх Эрдэнэт хотдоо зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Д.Нацагдорж, Удирдах зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар, ММНБИ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн Т.Очирхүү нар оролцож, баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв.
“Эгнээндээ 5600 гаруй мэргэшсэн нягтлан бодогчдыг нэгтгэж, мэргэжлээрээ дамжуулан улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой ММНБИ-ийн 1200 гаруй нь энэ удаагийн наадамд оролцохоор ирсэн байна. Энэ нь тус наадмын цар хүрээг харуулахын зэрэгцээ улсын хэмжээний том тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулж буй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ММНБИ-ийн Орхон аймаг дахь салбарынханд гүн талархал илэрхийлье” хэмээн тус институтийн Ерөнхийлөгч Д.Нацагдорж мэндчилгээндээ тодотгон хэлсэн юм. Спортын наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Төрийн далбааг аймаг аймгаас ирсэн баг тамирчдын шилдгүүд мандуулж, Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэв.
2001 оноос эхлэлтэй, 2010 онд Эрдэнэт хотод болж байсан Мэргэшсэн нягтлан бодогчдын тэмцээн эдүгээ 15 жилийн дараа спортын их наадмын цар хүрээ, өнгө төрхтэйгөөр зохион байгуулагдаж байгааг ММНБИ-ийн Орхон аймаг дахь салбарын тэргүүн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Т.Очирхүү онцолсон бол эв нэгдэл, эрч хүчний бэлгэдэл энэхүү спортын наадам нь тус институтийн үйл ажиллагааг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар илэрхийллээ.
Мэргэшсэн нягтлан бодогчид хоёр өдрийн турш спортын зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин, аваргын цомын төлөө уралдана. Энэ удаагийн наадамд спортын шинэ төрөл болох корнхол тэмцээнийг оруулж, бэлэг барьж буйгаа зохион байгуулагч Орхон аймаг дахь салбарынхан онцолж, наадмын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын спортын XVIII их наадмын Ерөнхий шүүгчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын Ахлах арга зүйч, ОУХМ Э.Эрдэнэбаяр ажиллаж байна.















