“Амар даатгал” ХХК даатгалын зах зээл дээр явуулж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Энэ оны 4-р сарын 15-нд Эрдэнэт үйлдвэр ажилчдаа “Амар даатгал”-д даатгуулжээ. Ингэснээр үйлдвэрийн ажилтнууд ямар нэгэн эрүүл мэндийн болон гэнэтийн ослын эрсдэлд өртвөл даатгалаа ашиглан санхүүгийн эрсдэлийг давах боломж бүрдээд байна. Ажилтан гар хуруугаа гэмтээх, ажлын чадвараа алдсан тохиолдолд нөхөн олговор авах юм. Энэ даатгалын гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш нийт 600 орчим даатгуулагчдад 500 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Энэхүү нөхөн төлбөрийг ажлын 5 хоногт багтаан олгосон байна. Түүнчлэн, “Амар даатгал”-д даатгуулсан ажилтнууд нөхөн төлбөр авах боломжуудын талаар танилцуулав.
“Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын бүтээгдэхүүнээр Эрдэнэт үйлдвэрийн 7000 ажилтанд хүрч үйлчилж байна. Эрдэнэт үйлдвэрээс ажилтнуудын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын тендер зарласан. Манай компани тендерийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ шалгарч, даатгалын гэрээ байгуулаад Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж байна” хэмээн “Амар даатгал” ХХК-ийн дэд захирал Б.Хишигтөр ярилаа.
Чанарын хяналтын хэлтсийн Түлшний Лабораторийн химич инженер Б.БОЛДБАЯР: Эрдэнэт үйлдвэрт даатгалын систем нэвтэрсэн нь маш том ололт. Манай ажилчид өмнө нь ийм даатгалд хамрагдсан тохиолдол байхгүй. Даатгалын үнэ цэнийг хараахан 100 хувь ойлгохгүй, мэдээлэл их дутуу явж. Мэдээлэлгүй, өөрсдийгөө зөв илэрхийлж чадаагүйгээс Эрдэнэт үйлдвэрийн ажилчид энэ нөхөн олговорт бүрэн хамрагдахгүй тохиолдлууд мэр сэр гарч байгаа. Өнөөдрийн сургалтаас зөв мэдээлэл авч, зарим зүйлийг асууж лавлалаа. Их үр дүнтэй сургалт боллоо. Монголчууд даатгалыг, жолоочийн хариуцлагын даатгал мэтээр л ойлгоод байна. Тийм биш. Даатгалын систем өндөр хөгжчихсөн орнуудад хүн бүхэн заавал даатгуулдаг. Даатгал нь ирээдүйд учирч болзошгүй бүх эрсдэлээс хамгаална гэж үздэг. Санхүүгийн эрсдэлээс хамгаална гэдгийг маш сайн ойлгодог. Өнөөдөр Монголд даатгалын систем ид хөгжиж байна. Цаашид улам сайжрах ёстой.
Авто тээврийн цехийн ХАБ-ын инженер Д.ЛХАГВА: Эрдэнэт үйлдвэр нийт ажилтнуудаа энэ оны 4-р сарын 15-наас эхлэн Амар даатгалтай гэрээ байгуулан даатгуулсан. Энэ даатгалд даатгуулснаар гарч болзошгүй эрсдэлээ нөхөх боломж нь баталгаажиж байна. Осол аваарт өртөх аюултай тохиолдолд ч, эмнэлгийн үйлчилгээ авахдаа ч гэрээнд заасан хугацаандаа эрсдэлээ даатгалаас нөхөн гаргуулах нөхцөл бүрдэж байна. Энэ удаагийн сургалтаар багц даатгалуудын талаар танилцууллаа. Хамгийн үнэт капитал бол хүн. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр хүн рүүгээ чиглэсэн бодлого барьж, Амар даатгалтай хамтран ийм даатгалын систем нэвтрүүлсэнд баяртай байна. Өмнө нь цөөн тооны ажилтан даатгуулдаг байсан. Одоо Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоотойгоо байгуулсан Хамтын гэрээний дагуу бүх ажилтнуудаа даатгалд бүрэн хамруулсанд ажилтан хүний хувьд сэтгэл хангалуун байна.















