“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ОХУ-ын Гэгээрлийн яамны дэргэдэх Олон улсын хамтын ажиллагааны төвтэй хамтран ажиллах гэрээг өнгөрсөн оны есдүгээр сарын 26-нд байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2025–2026 оны хичээлийн жилд Эрдэнэтчүүдийн нэрлэж заншснаар “Орос сургууль” буюу Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуульд ОХУ-аас зургаан багш шинээр ирж, ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат тэднийг хүлээн авч уулзах үеэрээ үйлдвэрийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын бодлого, цехүүдийн онцлог үүрэг, нийгмийн чиглэлд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан юм. Тэрээр Эрдэнэтийн боловсролын салбарт хүч нэмсэн багш нарт “Шинэ ажилтны багц” гардуулж, сурган хүмүүжүүлэх үйлсэд нь амжилт хүслээ.
Тус гэрээний хүрээнд өнгөрсөн хавар Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн 20 сурагч ОХУ-ын Иваново хотын Е.Д.Стасовын нэрэмжит Олон улсын “Интердом” сургуульд нэг сарын хугацаанд суралцаж, орос хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Орос орны түүх, соёл, уламжлалтай танилцсан байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ОХУ-ын Олон улсын хамтын ажиллагааны төвөөс тус сургуульд дунд болон ахлах ангийн 50 мянган ам.долларын үнэ бүхий 5030 ширхэг сурах бичиг бэлэглэжээ. Энэ тухай уулзалтын үеэр дурдсан бөгөөд талууд хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн юм.

















