Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарди” паласт "Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн дуу хоолой" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачилгаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулав.
Салбар бүрд ажиллаж буй Эмэгтэйчүүдийн олон талт оролцоог хангах, тэдний дуу хоолойг төр засгийн сонорт хүргэж, улс, орон нутгийн төсөвт иргэдийн саналыг тусгах зорилгоор зохион байгуулсан уг уулзалт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажанцан, Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж зээлийн хоршоо хариуцсан газрын дарга Ц.Алтантуул, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх, Монгол Улсын гавьяат багш Ш.Ганбат болон аймгийн салбар бүрийн эмэгтэйчүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа хэлсэн үгэндээ: “Улсын төсөв хэлэлцэж буй энэ үед хойд бүсийн тойргоос сонгогдсон гишүүний хувиар ард иргэдийнхээ дуу хоолойг улсын төсөвт тусгах, энэ ажлыг зохион байгуулах, ард иргэдээ сонсох үүрэгтэй. Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний төлөөлөл. Парламентын танхимд энэ хойд бүс нутгийн иргэдийг төлөөлж сууж байна. Тиймээс ард иргэдийн дуу хоолойг сонсохгүйгээр төлөөлөх, эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Энэ удаагийн төсвийн онцлог нь ард иргэдийн саналыг хэлэлцүүлгээр, цахимаар авсан. Засгийн газар саналыг нэгтгэж танилцуулахад төсөвт анхаарах ёстой гэсэн салбар нь эрүүл мэнд, боловсролын салбар байсан. Засгийн газраас орж ирсэн төсөв дотор энэ чиглэл рүү хөрөнгө оруулалт бага тусгагдсан байна гэсэн шүүмжлэл гарсан. Тиймээс би тойрогтоо, орон нутагт ажиллах хугацаандаа төрийн бус байгууллагууд ачааны хүндийг үүрч, төр иргэн хоёрыг холбон ажиллаж байгаа. Энэ явцад хууль тогтоомжийн хэрэгжилт хаана дутагдаж байна, нөгөө талдаа төсөв санхүүгийн эрэлт хаана хэрэгтэйг хамгийн их мэдэрч явдаг хүмүүс, төрийн бус байгууллагынхан байдаг. Тиймээс төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
“Нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт, сургалт хэлэлцүүлгийг Эрдэнэт, Булганы нийт 600 орчим эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлэг уулзалт хоёр үе шаттай явж байгаа. Эхний үе шат нь Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын эмэгтэйчүүдийн төлөөллийг оролцуулж, ард иргэд, төрийн хооронд гүүр болон ажилладаг төрийн бус байгууллага ажил үүргээ гүйцэтгэхдээ хамгийн их, амьдралд тулгамдсан асуудлыг мэдэрдэг субъект. Энэ утгаараа хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Төсөв санхүүгийн орчинд өөрчлөлт оруулах шаардлагатай. Улс, орон нутгийн төсвөөс хөрөнгө мөнгө төсөвлөх шаардлагатай ямар асуудлууд байгааг хэлэлцүүлэн гаргаж тавих зорилготой юм. Өнөөдөр Монгол Улсын төсөв Улсын Их Хурлын чуулганаар хоёр дахь удаагийнхаа хэлэлцүүлэг дээр явж байна. Удахгүй гурав дахь хэлэлцүүлгээр бид зарчмын зөрөөтэй, төсөвт Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс өөрчлөлт оруулах санал гаргах шат эхэлнэ. Энэ шатын өмнө миний бие Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороонд ажиллаж байна. Хойд бүс нутгаас Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд ард иргэдийнхээ, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг төсөвт тусгуулах ажлыг санаачлан зохион байгуулаад явж байна. Үүний үр дүнгээр тулгамдсан асуудлуудад өөрийн зүгээс байр сууриа илэрхийлж саналаа гаргаж ажиллана. Хоёр дахь шат нь Санхүүгийн хоршооны тухай хууль буюу одоогийн Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль юм. Үүнийг шинэчилсэн найруулгаар Санхүүгийн хоршооны хууль болгон өөрчилж байгаа. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийг миний бие ахалж ажиллаж байна. Уг төслийг Улсын Их Хуралд өргөн барихын өмнө ард иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн хоршоод, төрийн бус байгууллага, ард иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Өнөөдөр Эрдэнэт, Булганы хоршоод, төрийн бус байгууллагууд, ард иргэдийн төлөөллийн оролцоог ханган энэ хуулийн хэлэлцүүлгийг амжилтай явуулж байна” гэв.
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр: “Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед Хойд бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний санаачилгаар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсанд сэтгэл хангалуун байна. Орхон аймаг 7 дугаар сард төсвийн тодотголоор, 2022 оны 4-р сарын 29-ний өдөр баталсан хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. Боломжтой бүх зардлаа хэмнэж, боловсролын салбартаа түлхүү анхаарал хандуулсан. Одоогоор 60 гаруй газарт засварын ажил оруулаад байна. Манай аймагт 40-49 насжилттай 16, 30-аас дээш настай 18 сургууль, цэцэрлэг байна. Бүгд насжилт нь дууссан болохоор сан техник, дулаалга муудсан. Дулаан алддаг, ус гоождог нөхцөлтэй байсан. Иймээс 20,9 тэрбум төгрөгийг зөвхөн боловсролын салбарт зарцуулж байгаа. Бүсийн оношилгоо эмчилгээний төв анх 40000 хүнд үйлчлэх хүчин чадалтайгаар байгуулагдсан. Өнөөдөр гурав дахин ачаалалтай ажиллаж байна. Дахин нэг эмнэлэг шинээр барихад 3-4 жил зарцуулна. Миний бие эмнэлэг дээр хоёр удаа очиж ажиллалаа. Тэнд өрөө тасалгаануудыг шинэчлэх, ашиглах боломжтой бүхнийг судалж үзлээ. Агааржуулалтын том системгүй хуучны барилга учраас 4 давхар тэр чигээрээ ашиглагддаггүй өрөөнүүдтэй юм. Мөн дээр нь давхар бариад өрөө засчихвал дахин эмнэлэг барих шаардлагагүй. Эмнэлгийн ачааллыг дөрвөн хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гаргасан.
Өнөөдрийн хэлэлцүүлгээс та бүхнээс санал авна. Улсын Их Хурал төсвөө тодотгон баталсны дараа манай аймаг төсвөө батална. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авсан. Одоогоор 1300 гаруй иргэд, аж ахуйн нэгжээс санал ирсэн. Төрөлх хотынхоо 50 жилийн ойг угтан олон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Эрдэнэт хотод энэ жил нийт 150 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Хот өргөжин тэлэхийн тулд инженерийн шугам сүлжээ найдвартай, эрчим хүчний асуудлыг бүрэн шийдсэн байх ёстой. Ингэж гэмээнэ хот маань цааш тэлж хөгжих боломж бүрдэнэ. Иймээс юун түрүүнд эрчим хүч, инженерийн шугам сүлжээний ажилд илүү их анхаарал хандуулан ажиллаж байна” хэмээн ярилаа.




















