Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжиж буй “Мэдлэг түгээх ажлын байр” төслийн хүрээнд Барилга засварын цехийнхэн өөрсдийн мэдлэг, хөгжлийн өрөөгөө нээлээ. Нээлтийн ажиллагаанд ISO 30401 “Мэдлэгийн менежмент” стандартын хэрэгжүүлэх багийн ахлагч, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Төрөлжсөн архивын албаны дарга Б.Одонтуяа болон төслийн багийн гишүүдийн хамт оролцож, тус ажлын байрны онцлог, давуу тал, ач холбогдол, цаашдын зорилготой танилцаж, санал солилцлоо.
“Мэдлэг түгээх ажлын байр”-аа бид яагаад “Засалч чимэглэлч” нэртэй нээсэн бэ, гэвэл цехийн нийт 214 ажилтны дийлэнх хувь буюу 75 хувь нь засал чимэглэлчээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, манай цехийн хувьд түлхүүр ажлын байр учраас сонгосон гэж Барилга засварын цехийн мастер Б.Дөлгөөн танилцуулав.
Засал чимэглэлчний ажлын байрнаас мэргэжлийн болон мэргэжлийн бус ажилчин хэн ч барилгын засал, интерьерийн талаарх 5 бүлэг, 19 төрлөөр ангилсан цогц мэдлэгийг авах боломжтой. Мэргэжлийн засал чимэглэлчид мэдлэг, арга туршлагаа шинэчлэх, бататгах зэргээр суралцах бол мэргэжлийн бус ажилтан гэртээ засвар хийх, ханын обойг сольж наах, ямар обой материал сонгох гэх зэрэг бүхий л технологийн мэдлэг, мэдээллийг энд байрлуулсан биет үзмэр, ном товхимлоос үзэж, танилцана. Шинэ залуу ажилтнууд байгууллагадаа хурдан хугацаанд дасан зохицох зэргээр олон талын хүртээмжтэй байдлаар “Засал чимэглэлчний ажлын байр”-ыг тохижуулжээ. Нөгөө талаас, ажилтнууд өөрсдийн мэргэжлээрээ бахархах, эрэлт хэрэгцээг нь ойлгох, өөрсдийгөө хөгжүүлж, мэргэжлийнхээ давуу талыг бусдад сурталчлах, тэрхүү сэдлийг нь идэвхжүүлж өгөх зорилготой аж.
Барилга засварын цехийн 200 гаруй ажилтан нийт 52 төрлийн ажил мэргэжлээр ажилладаг. Тэдний 30 хувь нь засал чимэглэлч буюу тус цехийн үндсэн түлхүүр ажлын байр юм. Тиймээс энэхүү “Засал чимэглэлчний мэдлэг түгээх ажлын байр” байнгын үйл ажиллагаатай байж, ажилтан бүрд ойр ажиллана. Жилээс жилд маш хурдтай өөрчлөгдөн, боловсронгуй болж буй барилгын материалын үйлдвэрлэл, тэдгээрийн арга аргачлал, технологи, материал техникийн хөгжлийг дагаад ажлын байрнаасаа авах мэдлэг мэдээлэл үргэлжилж шинэчлэгдэж, тасралтгүй сайжруулалт хийгдэнэ гэдгийг тус цехийнхэн онцоллоо.















