“Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн шинэ оролцогчид анхны хичээлдээ суулаа

Эрдэнэт үйлдвэрийн удирдах буюу түлхүүр ажилтнуудын нөөцийг бэлтгэх зорилгоор “Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр”-ийн хүрээнд анх 2021 оноос эхлүүлсэн Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь өдгөө тасралтгүй таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж байна. Энэ хугацаанд анхан болон ахисан түвшний хоёр удаагийн хөтөлбөрт нийт 150 ажилтан хамрагдаж, төгссөн. Тэд хөтөлбөрийн хугацаанд олон төрлийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж, хөгжлийн төлөвлөгөөний дагуу удирдахуйн ухаанд суралцаж, багийн зохион байгуулалтаар үйлдвэрийн газрын хэмжээнд нөлөөллийн ажил өрнүүлж, тулгамдсан асуудлуудыг дэвшүүлэн олон сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан, хэрэгжүүлэх зэргээр манлайлал, авьяас чадвараа хөгжүүлсний үр дүнд өнөөдөр Эрдэнэт үйлдвэртээ өөр өөрийн анхан болон дунд шатны удирдах албанд амжилттай ажиллаж байна.
Тус хөтөлбөрийн гурав дахь удаагийн элсэлтэд шалгарсан шинэ оролцогчид өнгөрөгч баасан гарагт хөтөлбөрийн анхны хичээлдээ сууж, манлайллын ур чадварт суралцаж эхэллээ. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэ удаагийн хөтөлбөрт Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн анхан болон дунд шатны удирдах ажилтан, мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 оролцогч хамрагдаж байна.
Хамт олон, удирдах ажилтнуудын санал асуулгад тулгуурлан, тухайн ажилтны өөрийн хүсэл сонирхлоос гадна хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байх шалгуураар Манлайллын хөтөлбөрийн оролцогчдыг сонгож, тусгай сургалтын дагуу удирдах болон багаар ажиллах ур чадвар, төслийн, стратегийн менежмент, ажилтнуудынхаа сэтгэл зүйг ойлгож, мэдрэх зэрэг манлайллын мэдлэг, ур чадварт сургаж бэлтгэдэг нь тус хөтөлбөрийн онцлог юм. 
Манлайлагч залуус нийт зургаан багт хуваарилагдаж, энэ өдрөөс эхлэн сургалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаандаа багийн зохион байгуулалттайгаар оролцохоор болж, ахлагчаа сонгон, багийн гишүүд тус бүрийн үүргээ хүлээн авсан.  
Энэ жилийн эхний сургалтаар “United management consulting” ХХК-ийн гүйцэтгэх захирал, көүч, багш, ментор Д.Ерөө, “United career consulting” ХХК-ийн гүйцэтгэх захирал, көүч, багш, ментор Ц.Булган, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн “Харвард менежментор” хөтөлбөрийн ахлах модератор, көүч, багш, ментор Д.Асралт нар “Манлайллын ур чадварууд” сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш мэдлэг олгож, оролцогчдын оюунд үнэт хөрөнгө оруулалт хийлээ.
Мөн хөтөлбөрийн эхэнд оролцогч бүр хувь хүний зан чанар, мэдлэг, ур чадвараа үнэлэх оношилгоонд орж, өөр өөрийн онцлог, давуу тал, сул талыг тодорхойлуулсан. Дээрх оношилгоонд үндэслэн, давуу болон дутуу ур чадваруудаа хэрхэн хөгжүүлэх талаар көүч, багш нараас зөвлөгөө авч, оролцогч бүр өөрийн хувь хүний хөгжлийн төлөвлөгөөгөө зааврын дагуу боловсруулж эхэлсэн юм.
Энэ үеэр, хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсгээс оролцогчдод зориулан “Цахим платформ” хэрэглэх зааврыг танилцуулахын зэрэгцээ “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн төгсөгч нараас төлөөлөл урьж, сонирхолтой яриа өрнүүлэн, шинэ оролцогчдод өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.ОТГОНБАЯР:
Манлайлал, авьяас, чадварын хөтөлбөр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж эхлээд таван жил болж байна. Өнөөдөр бид гурав дахь удаагийн оролцогчдоо хүлээн аваад энэ жилийн хоёр дахь удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн маань зорилго бол Эрдэнэт үйлдвэрийн авьяас, ур чадвартай ажилтнууд, манлайлагчдын ур чадварыг бий болгох, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой юм. 
Энэ хөтөлбөрөөр өмнө нь 150-аад ажилтан бэлтгэгдэж, төгсөөд Эрдэнэт үйлдвэрийн шат шатны удирдах ажил дээр тодорхой амжилттай ажиллаж байна. Тэгэхээр уул уурхайн салбарын инженер техникийн мэргэжилтэй ажилтнууд, бусад салбарын анхан болон дунд шатны удирдах ажилтнуудыг манлайлал, авьяас, ур чадварын тусгайлсан хөтөлбөрөөр бэлтгэж гаргасан байгаа. 
Өнөөдрийн сургалтаар, манай хөтөлбөрийн гол онцлог үйл ажиллагаа болох, оролцогч бүрд хийсэн ур чадварын оношилгоог танилцуулж, өөрсдийнхөө дутуу ур чадвар дээр хөгжлийн төлөвлөгөө хийх, давуу ур чадваруудаа илүү хөгжүүлэх зорилготойгоор тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй ерөнхий тест дээр тулгуурласан хөгжлийн хөтөлбөрөө боловсруулахад суралцаж байна. Энэ оношилгоондоо үнэлэлт дүгнэлт хийж, өөрсдийнхөө ирээдүйн ур чадваруудаа хэрхэн хөгжүүлэх вэ, хувь хүний хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн хийх вэ,  гэдэг дээр мэргэжлийн багш нараас зөвлөгөө авч байна.


“Манлайлан, авьяас чадварын хөтөлбөр” хэрэгжүүлэх ажлын хэсгийн дэд ахлагч А.АРИУНТУЛА:

Үйлдвэрийн газрын цех нэгжүүдээс өгсөн санал, ажилтны өөрийнх нь хүсэлтийнх нь дагуу шалгаруулан, “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т оролцож байгаа ажилтнуудын эхний сургалт өнөөдөр болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд анх бие биеэ таньдаггүй, мэддэггүй байсан хүмүүс маань өнөөдөр танилцаж, багийн зохион байгуулалтад орж байна. Оролцогчид маань манлайллын ур чадварт суралцаж, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө болон зорилгоо олж харахад илүү дөхөм болж өгч байгаа.
Өмнөх удаагийн хөтөлбөр болон одоо энэ хөтөлбөрийн оролцогчид маань бүгд л адил, өөрөө хөгжье, би өөрчлөгдье, би хамт олондоо манлайллаараа хүлээн зөвшөөрөгдье, гээд том зорилго тээгээд ирчихсэн байгаа нь харагдаад байгаа юм. Энэ хүмүүс маань нэлээн их өөрчлөгдөж, илүү сайн хөгжих болов уу, гэж бодож байна. Мэргэжлийн ур чадварын хувьд өсөж болох зорилго, зорилтуудыг нь дэвшүүлээд, одоо энэ онолын түвшинд байсан бол энийг яаж эксперт, дараагийн түвшинд аваачиж чадах вэ гэдэг тэр төлөвлөгөөг нь өөрсдөөр нь гаргуулж, түүнд нь зорьсон мэргэжлийн ур чадваруудыг нэлээн сайн эзэмшүүлэх боломжтой, гэж харж байгаа.
Бид өмнөх хөтөлбөрийнхөө туршлага, үр дүн дээр үндэслэн, Эрдэнэт үйлдвэрт тохирсон, чадамжийн стандартад нийцсэн хөгжлийн төлөвлөгөөнүүдийг боловсруулж байна. Дээрээс нь 360 градусын арга буюу манлайлах таван дадлын үнэлгээг өөрөө болон удирдлага хамт олноор нь үнэлүүлж авч байгаа. Ингэснээр, манлайллын хөтөлбөрийн үр дүнг илүү тодорхой хэмжихэд тус дөхөм болохуйц үзүүлэлтүүд гарах юм.

“United management consulting” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ЕРӨӨ:
Эрдэнэт үйлдвэрт таван жил хэрэгжиж байгаа “Манлайлал,  авьяас, чадварын хөтөлбөр”-ийн гурав дахь удаагийн оролцогчдын чиглүүлэх сургалтууд өнөөдөр эхэлж байна. Эрдэнэт үйлдвэр бол залгамж халаагаа маш сайн бэлдэж байгаа. Энэ хөтөлбөрийн үр дүн бол яг үйлдвэрийнхээ менежментэд, цаашлах юм бол гүйцэтгэл, бүтээмжид нэлээн өндөр хувь нэмэр оруулж байгаа хөтөлбөр учраас илүү өргөн хүрээтэй ажил болж байгаа гэдгийг бас олж харлаа. 
Олон цех, нэгжээс оролцож байгаа залуучууд маань мэдээж энэ үйлдвэртээ өөрийнхөө хийж байгаа ажлаараа, өөрийнхөө чадвараараа хувь нэмрээ оруулах сонирхолтой, хүсэл эрмэлзэлтэй хүмүүс байгаа учраас ер нь яг менежер гэдэг хүн, манлайлагч гэж хэн юм бэ, эдгээрийн хоорондын ялгаа юу байдаг юм. Хувь хүний зорилгыг багийн зорилгод яаж нэгтгэж болдог юм. Тэгээд энэ олон багийн зорилгыг нэгтгээд байгууллага урт хугацаандаа яаж амжилтад хүрч болдог юм гэдэг талаар ерөнхий ойлголтыг өгч байна.
Нөгөөтээгүүр, удирдагч хүний хувьд хамгийн чухал ажил нь шийдвэр гаргалт байдаг шүү дээ. Тэгэхээр хэрхэн зөв шийдвэр гаргах вэ гэдэг талаар бас ерөнхий ойлголт, цаашлаад багийн зөрчлийг хэрхэн арилгах, удирдагч хүн өөрийн манлайллыг яаж гаргаж ирэх вэ, түүнчлэн багийн динамикийг яаж зөв прогресстой болгож ажиллах боломж байдаг вэ, гэдэг сэдвүүдийг бид “Харвард менежментор” хөтөлбөрийн агуулгын хүрээнд орж байна. 
“United career consulting” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.БУЛГАН:
Оролцогчдоо оношлоод, тухайн хүнийхээ бодит нөөц бололцоонд нь тулгуурлаж, цаашид яаж чиглүүлэх юм бэ гэдгийг эхэлж тодорхойлж харж байгаа нь энэ хөтөлбөрийн онцлог юм гэж миний хувьд харж байна. 
Ер нь бол ямар ч хүн тасралтгүй дадал зуршлаар, үйлдлээр л хөгжиж байдаг. Тэгэхээр энэ зүйлийг байгууллага нь бодитоор тодорхойлж, нөөцөө харчхаад залгамж халаа, дараагийн залуу үеэ ингэж үе шаттайгаар бэлдэж байгаа нь бол үнэхээр таалагдаж байна. Энэ нь өөрөө хамгийн том үр дүнд хүргэх үйлдлийн яг эхний алхам нь харагдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн үр дүн нь цаашид маш сайн гарна гэдэгт итгэлтэй байна.

МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн “Харвард менежментор” хөтөлбөрийн ахлах модератор Д.АСРАЛТ:
Эрдэнэт үйлдвэр бол цаашид олон жил ажиллана. Тэгэхээр тэр олон жилийн хугацаанд дараагийн удирдлага, манлайлагчдыг бэлдэх тал дээр үйлдвэрийн одоогийн удирдлагууд тодорхой хэмжээний шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, тухайн хувь хүний хандлага, ур чадварыг үнэлж байгаад, бас тухайн хүний манлайлах, бусдад үлгэр дуурайл үзүүлэх, өөрөө сурсан мэдсэн зүйлээ харуулах хүсэл, сонирхол дээр тулгуурлаж энэ хөтөлбөрийг эхлүүлсэн байгаа. 
Би цаашид хөгжье,  намайг хөгжүүлээд өгөөч, гэж бодож байгаа залуус өнөөдөр энд цугласан байна. Мэдээж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой залуучууд цаг заваа зарцуулж энд зорьж ирж байгаа учраас хөтөлбөрийг илүү үнэ цэнтэй болгож байгаа юм.

Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр техникийн товчооны Хяналтын операторч Г.МӨНХТУЯА:
Хөтөлбөрийн эхний сургалтыг ийм сайхан орчинд зохион байгуулж байгаад маш их баярлалаа. Оролцогчид, багийнхан маань бүгд маш гоё, эерэг хүмүүс байна. Би Эрдэнэт үйлдвэрт 14 жил ажиллаж байна. Энэ хугацаанд би цоо шинэ, танихгүй хүмүүстэй бол таараагүй. Гэхдээ бие биеийнхээ царай, төрхөө мэддэг хэр нь харилцаж үзээгүй хүмүүс их байдаг. Манай хөтөлбөрийн оролцогчид маань маш нээлттэй, нэг баг болоход багийн ажиллагаагаа ер нь амжилттай хийх боломжтой сайхан баг бүрдсэн байгаад маш их баяртай байна. 
Би Судалгаа, шинжилгээний хүрээлэнд ажиллаж байгаад Баяжуулах үйлдвэрт орж ирээд 10 сарын хугацаа болж байгаа л даа. Ер нь манлайллын хөтөлбөрийг эхэлсэн цагаас нь мэдэж байсан. Тэгээд хүмүүсийн өөрчлөлтийг ч гэсэн харж байсан. Хүмүүс бол маш сайн хөгжиж, эергээр өөрчлөгддөг. Харилцаа, биеэ авч явах байдал, багийн ажиллагаанд маш их өөрчлөлт харагддаг. Миний хувьд энэ хөтөлбөрт сонгогдоод орох болсондоо маш их баярласан. 
Манлайлал гэдгийг би нөлөөлөл гэдэгтэй холбож ойлгодог. Тэгэхээр би энэ манлайллын хөтөлбөрт оролцсоноор, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлснээр, эндээс сурч авч байгаа зүйлээ, яг энэ нөлөөллөө нийт ажлынхаа хамт олонд дамжуулж хүргэнэ ээ, гэсэн бодолтойгоор л орж ирсэн дээ.
Дулааны цахилгаан станцын Турбины хэсгийн Ашиглалтын мастер Б.ПҮРЭВСАЙХАН:
Бүтэн хоёр жилийн хугацаанд хэрэгжих “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т оролцож байгаадаа туйлын баяртай байна. Өөрийгөө дараагийн түвшинд хүрч, бусдыг манлайлах чадварт суралцана гэдэгтээ их олзуурхууштай хандаж байгаа. Өнөөдрийн хувьд бол бид Дархан хотод ирээд, шинэ багийнхантайгаа танилцаад, цаашдаа багийнхаа хамт олонтойгоо хэрхэн ажиллах вэ, ямар үүрэг хүлээх вэ гэдгээ хуваарилж байна. Надад өнөөдрийн сургалтын агуулга, зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаа маш их таалагдаж байна.
Миний хувьд урьд нь ийм сургалтуудад төдийлөн хамрагдаж байгаагүй. Шинээр олон зүйлийг ойлгож, сурч байна. Ер нь цаашдаа ч гэсэн энэ сургалтуудын үр дүнд өөрийгөө шал өөр өнцгөөс харж эхлэх байх гэж бодож байна.


 

Ч.Бадрал
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүч-найдвартай байдал, ирээдүйн хөгжлийн үндэс
А.БУЯНЦОГТ: Тэсрэх бодисын үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна
Г.ЭРДЭНЭБАЯР: Цагаан тоос дарах дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна
“Алтан газов”-ын эзэн Е.Эрдэнэбулган: Сантехник бол барилгын “амин судас”
Э.Оюунболд: Нэгдүгээр шатны бутлуурын шинэчлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн татаж авсан
С.Цогсогбаяр: Дэлхийн усны өдрийг “Ус ба Тэгш байдал” уриан дор тэмдэглэнэ
А.УНДРАХТАМИР: Эрдэнэтийн-Овоо ордын нөөц шинэ тооцоогоор нэмэгдсэн
Т.АРИУНСАН: Механик цехийн өргөтгөлийн ажил энэ онд эхэлнэ
Өндөр бүтээмж, бодит хэмнэлт, жинхэнэ манлайлал
О.ОРХОНЧИМЭГ: Хөдөлмөрийн эрүүл ахуй гэдэг бол ажилчдад олгодог савангаар хязгаарлагдах ойлголт биш

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %