Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар таван ажил мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох ажлын хэсэг өнгөрөгч тавдугаар сард байгуулагдсан. Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үнэлгээний ажлыг 6, 7-р сард зохион байгуулж, ажлын хэсгүүд тус бүр тайлан, дүгнэлтээ нэгтгэж, хэлэлцүүллээ. Хүний нөөц, захиргааны хэлтсээс зохион байгуулсан тайлан, хэлэлцүүлэгт ажлын хэсгийн гүшүүдээс гадна ажилтны төлөөллийн байгууллага, мэргэжлийн сургалтыг зохион байгуулж байгаа сургалтын байгууллага, мөн цалин хөлс, урамшууллын асуудлыг хариуцаж байгаа хэлтсийн төлөөллийг урьж оролцуулжээ.
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд нийт 26 мэргэжлийн салбарын 1548 ажлын байранд байгууллагын чадамжийн стандартыг боловсруулан гаргаж, түүнийгээ үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд 3 жил орчим болж байна. Байгууллагын стандартаа уул уурхайн өргөн мэргэжлийн үндэсний стандарт болгох ажлыг санаачлан, Монголын ажил олгогч эздийн холбоо болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд чадамжийн стандарт боловсруулах ажил амжилттай зохион байгуулагдсан юм.
Шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдөж эхэлсэн 2022 оноос хойш чадамжийн үнэлгээний ажлыг Эрдэнэт үйлдвэр анх удаа зохион байгууллаа. Тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр баталсан ажлын байрны чадамжийн стандартыг энэ удаа ажилтнуудын ажил мэргэжлийн чадамжийн үнэлгээний хэрэглээнд анх удаа ашиглажээ.
Үйлдвэрийн газрын таван ажил мэргэжлийн хүрээнд нийт 324 ажилтныг хамруулан онолын болон ур чадварын шалгалт авч, үнэлгээ өгч, дүгнэлт, санал, зөвлөмж гаргасан.
Тухайлбал, “Экскаваторын машинч” ажил мэргэжлийн үнэлгээний ажлын хэсгийн дарга, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар, “Тээрмийн машинч” ажил мэргэжлийн үнэлгээний ажлын хэсгийн гишүүн, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Б.Намуунгэрэл, “Ган хайлуулагч” ажил мэргэжлийн үнэлгээний ажлын хэсгийн дарга, Механикийн хэлтсийн Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Д.Гантулга, “Цахилгаанчин” ажил мэргэжлийн үнэлгээний ажлын хэсгийн дарга, Эрчим хүчний хэлтсийн дарга Л.Ариунболд, “Гагнуурчин” ажил мэргэжлийн үнэлгээний ажлын хэсгийн гишүүн, Механикийн хэлтсийн Гагнуурын тэргүүлэх инженер О.Батзориг нар ажлын хэсгийнхээ тайланг тус тус танилцууллаа.
Мөн Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Ө.Золбаяр таван ажил мэргэжлээр чадамжийн үнэлгээ зохион байгуулсан ажлын үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн танилцуулж, хэлэлцүүлгийг удирдан явуулсан.
Хэлэлцүүлэгт Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, ажлын хэсгийн гишүүдээс гадна урилгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мөнгөншагай, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Хөдөлмөр зохион байгуулалт, цалин хөлсний албаны дарга Н.Ариунаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Политехник коллежийн эрхлэгч Н.Зул-Эрдэнэ болон хөндлөнгийн шинжээч, экспертээр Ажил мэргэжлийн стандартын зөвлөх Ц.Мөнхнаран нар оролцож, ажлын хэсгүүдийн тайлан, дүгнэлтэд санал, зөвлөмж өгч, оролцогчдын асуултад хариулт өгч, харилцан ярилцлаа. Таван ажил мэргэжлээр чадамжийн зөрөө тогтоох ажлын хүрээнд Хүний нөөц, захиргааны хэлтсээс зохион байгуулсан үнэлгээний ажлын тайлан, дүгнэлт, хэлэлцүүлгийн үр дүнд оролцогчдын санал, зөвлөмжийг тусгасан шийдвэрийн төсөл боловсруулж, Үйлдвэрийн газрын удирдлагад хүргүүлэхээр бэлтгэж байна.
Мэргэжил, ур чадварын түвшин тогтоосон үнэлгээг хэлэлцүүллээ
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















