Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн ISO 50001:2018 стандартыг нэвтрүүлэх, цаашид тасралтгүй сайжруулах ажлыг хангах, хэрэгжилтийг дүгнэх зорилгоор Эрчим хүчний ISO 50001:2018 менежментийн тогтолцооны стандартын хаалтын хурал өнөөдөр боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, ISO 50001:2018 стандартын төслийн багийн удирдагч Т.Батмөнх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ: “Бид тогтвортой уул уурхайн концепцыг биелүүлэн ажиллаж байна. Хүний нөөцийнхөө салбарт ISO 30400-г, эрчим хүчнийхээ чиглэлд ISO 50001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд явж байна. Эрчим хүчний менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн үр ашгаа тооцох ёстой. Манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрчим хүчний зардал том байр суурь эзэлдэг. Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүдэр бэлтгэх технологийн зардал цахилгаан эрчим хүчний нийт зардлын 30 хувийг эзэлж байх жишээтэй. Өнгөрсөн хугацаанд зөвхөн эрчим хүчний зардалд 200 гаруй тэрбум төгрөг нэмэгдсэн. Уг зардлын эсрэг авах арга хэмжээний хүрээнд Дулааны цахилгаан станцдаа 48мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өргөтгөл хийсэн. Энэ нь өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний зардлыг бууруулах бодлогын хүрээнд хийсэн ажил. Харамсалтай нь бид үйлдвэрлэсэн үнээрээ дотооддоо нийлүүлж чадахгүй байна. Тэгэхээр эрчим хүчний зарцуулалт багатай, бүтээмж өндөртэй, техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, нутагшуулах бодлого барин ажиллаж байна. Цаашид эрчим хүчнийхээ хэрэглээг зөв удирдаж явах нь чухал. Ер нь менежментийн тогтолцоог удирдахад хүн бүрийн оролцоо ямар хэрэгтэй болохыг, зөвлөх багийн сургалт, хэмжилт, дүгнэлтүүдээс харж болно. Аливаа стандартыг хэрэгжүүлэхэд юун түрүүнд удирдлагын дэмжлэг чухал байдаг. Ийм дэмжлэг сайн байгаа учраас үр дүнд нь ашиг хүртэх ёстой. Эрчим хүчний гүйцэтгэлийн ажлуудыг сайжруулснаар энэ жил ахиц гарах байх. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн бүх ажлын байруудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартууд хэрэгжиж үр дүнгээ өгнө. Энэ стандартуудаар дамжаад хувь хүний хөгжил, байгууллагын соёл үлгэр жишээ болж тогтоно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Түүнчлэн, Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд ISO 50001:2018 стандартын хэрэгжилтийн үр дүнг үнэлж, цаашид эрчим хүчний хэрэглээ зардлыг багасгах, сайжруулах талаар хийсэн мэдээлэлдээ, “Үйлдвэрийн газрын эрчим хүчний хэрэглээг зөв зохистой удирдсанаар эрчим хүчийг зохистой ашиглах боломжууд бий болно. Манай үйлдвэр 47 дахь жилдээ ажиллаж байгаа арвин туршлагатай, эрчим хүчний хэрэглээг удирдах том хэрэглэгч. ISO 50001 стандартыг ашигласнаар цаашид эрчим хүчнийхээ хэрэглээг зөв удирдана. Ер нь улс орны барьж байгаа хөгжлийн төлөвлөгөө, бодлогуудад тогтвортой хөгжлийн зорилго тэргүүн эгнээнд тавигддаг. Ялангуяа хүлэмжийн хийг бууруулах зорилтын хүрээнд эрчим хүчний салбар онцгой анхаарах шаардлагатай. Хүлэмжийн хийг бууруулах эхний алхам нь улс орныхоо барьж буй бодлого, зорилгыг хэрэгжүүлэх явдал юм. Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх ёстой. Энд эрчим хүчний хэрэглээг зөв зохистой удирдах асуудлууд тусгагдсан. Эрдэнэт үйлдвэр Монголын төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний 10-12 хувийг ашиглаж байна. Тэгэхээр эрчим хүч хэмнэх, эрчим хүчний зардлыг бууруулах зорилт зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний тогтолцооны ажлыг нэвтрүүлэхэд “ОБЗЕРВСТАР” компани зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна” хэмээн дурдав.
Мөн “ОБЗЕРВСТАР” ХХК-ийн захирал Д.Отгонбат “Нэгдсэн менежментийн тогтолцоо ба удирдлагын манлайлал” сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, ажлын арга туршлагаасаа хуваалцсан юм. Мөн энэ үеэр сургагч багшийн гэрчилгээг нэр бүхий ажилтнуудад гардууллаа.















