"Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр"-ийг тохиолдуулан “Эрдэнэт" сувиллын цогцолбороос өнөөдөр эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулав. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр 2019 оноос “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг жил бүрийн 9-р сарын 17-нд уламжлал болгон тэмдэглэж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү өдөрлөг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд боллоо. Энэ үеэр "Эрдэнэт" сувиллын цогцолборын эмч нар уурхайчдаас хавдрын түргэвчилсэн шинжилгээ авч, В, С вирусийн маркер, нүдний даралтын эрт илрүүлгийн үзлэг хийж, эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүллээ. Мөн хиймэл оюун ухаан ашиглан уурхайчдын эрүүл мэндэд цахим оношилгоо хийж, тухайн хүнд байх минерал эрдэс бодис, амин хүчлүүдийг тодорхойлон, эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн юм. Энэ жилийн "Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр-2025" үйл ажиллагаа “Нярай болон хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэж байгаа юм. “Уурхайчид гэр бүл, хүүхдүүддээ өглөөний цай бэлтгэх, ямар шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх талаар мэргэжлийн хүмүүс үнэтэй зөвлөгөө өглөө. Мөн "Амуу" брэндийн уламжлалтын эмч судас барьж, оношилж үйлчиллээ. "Манай сувиллаас дээд, доод үе мөчний хөдөлгөөний заслыг хүмүүст амжилттай хийж, эрүүлжүүлж байна. Тулгуур эрхтэн болон өвдөгний хагалгаанд орсон үйлчлүүлэгчдэд сэргээн засах эмчилгээ хийж, өвчнийг нь илаарьшуулж байна. Уурхайчид өөрсдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг сахин хамгаалах өдөрлөгт идэвхтэй оролцлоо, гэж "Эрдэнэт" сувиллын цогцолборын Чанарын менежер Л.Машбат ярилаа.






















