Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Шуурхайн эхэнд, ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал болон бусад техникийн хүчин зүйлээс шалтгаалан үйлдвэрлэлд ачаалал нэмэгдсэн ч тухай бүрд нь шуурхай арга хэмжээ авч, шийдвэрлэж ажилласны үр дүнд хэвийн горим хангасан тухай Ерөнхий инженер онцлон мэдээлэв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэвийн байж, үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийн ХАБ-ын ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өнөөдрөөс эхэлж байгааг тус хэлтсээс танилцууллаа. Байгаль орчны хяналт шалгалт үргэлжилж, Баян-Өндөр уулын Хүрэнбулагийн аманд байгалийн нөхөн сэргээлт, мод тарих ажил хийгдэхээр бэлтгэл хангаж буй аж.
Үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ жил намар болон өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нийт 350 төрлийн ажил төлөвлөн ажиллаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт усархаг бороо орсны улмаас Ил уурхайд усны түвшин нэмэгдэхээс сэргийлж, зохих арга хэмжээг урьдчилан авч ажилласан байна. Ерөнхий инженерийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шугам хоолой татах ажлын тендер шалгаруулалтын ажлыг эрчимжүүлж, намар, өвлийн бэлтгэлийг 80 хувиар хангаад байна. Уулын тээвэр болон тээвэрлэлт хэвийн үргэлжилж, намар, өвөлд бэлтгэх ажил 52 хувийн биелэлттэй байна гэж Авто тээврийн цехээс мэдээллээ. Баяжуулах үйлдвэрт бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Бутлуурын цутгалт өнгөрсөн долоо хоногт хийж эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт 4300 метр куб суурийн цутгалт үргэлжлэн хийгдэнэ. Газар шорооны ажил бүрэн дуусаж, бетон цутгалт эхлэх зэрэг өргөтгөл шинэчлэлийн ажлын явцаас Баяжуулах үйлдвэрийн удирдлага танилцууллаа. Засвар, механикийн заводод үйлдвэрлэлийн төлөвлөгөө 46 хувиар, намар, өвлийн бэлтгэл ажил 83.6 хувиар тус тус биелж байгаа бол Дулаан цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ жилийн хувьд эрт хүйтрэх төлөвтэй байгаа тул бүтцийн нэгжүүдэд халаалтыг 10 дугаар сарын 01 буюу хугацаанаас наана өгч эхлэхэд бэлэн байгааг ДЦС-ын дарга онцлов. Түүнчлэн намар, өвлийн бэлтгэл ажил Цахилгаан цехэд 55 хувь, Ус хангамжийн цехэд 69 хувь, Ган бөөрөнцгийн цехэд 76 хувь, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехэд 75 хувиар тус тус хангагдсан байна.
Цахилгаан хангамжийн аюулгүй байдалтай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах Ерөнхий захирлын тушаалын хүрээнд бүтцийн цех, нэгжийн ажилтнуудад сургалт, ээлжит бус зааварчилгаа болон хяналт шалгалт хийж ажиллаж буйг Эрчим хүчний хэлтсээс мэдээллээ. Өнөөдөр буюу 9 дүгээр сарын 15-наас эхлэн Эрдэнэт хотын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцуудад халаалт өгч байна. Халаалт жигдэртэл ус гоожих зэрэг эрсдэлээс сэргийлж ажиллахыг анхааруулав. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор зэрэг цех нэгжүүд урьдчилан халаалт авах шаардлагатай бол албан хүсэлтээ Эрчим хүчний цехэд ирүүлж, тэдгээрийг нэгтгэн “Эрдэнэт ДЦС” ТӨХК-д уламжилна гэдгийг тус хэлтэс мэдээлэв.
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний тойм
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















