Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буй “Тогтвортой уул уурхайн төлөө” олон улсын стандартын өөрийн үнэлгээ, тэдгээртэй холбогдох бусад асуудлаар өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Канад Улсын Уул Уурхайн Ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөлөл, стандарт хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд болон мэргэжилтнүүд оролцов.
“Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын өөрийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлгийн үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх нээж хэлсэн үгэндээ, “Уул уурхайн салбарын тулгуур ойлголт болох тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцэж, туршлага солилцох, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж байна. Энэ бол маш чухал асуудал. Уул уурхайн салбар улсын эдийн засаг, хөгжлийн гол хөшүүрэг болж байна. Үүний тод жишээ нь Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа гэж хэлж болно. 2023 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувь буюу 4 их наяд төгрөгийн борлуулалтын орлогыг Эрдэнэт үйлдвэр бүрдүүлж байв. Энэхүү орлогын тал хувь болох 2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт бүрдүүлсэн нь тус үйлдвэрийн үйл ажиллагааны өргөн цар хүрээг харуулж байна. Тиймээс улс орны нийгэм эдийн засагт голлох үүрэгтэй том үйлдвэрийн тогтвортой хөгжлийг олон улсын стандартад нийцүүлэн авч явах ёстой. Тогтвортой уул уурхайн төлөө стандартыг хэрэгжүүлэх ажлын хэсэг, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдан, ажиллаж байна. Өнөөдөр энд тус ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр хийсэн ажил, танилцуулга мэдээлэл болон стандартын өөрийн үнэлгээний тайланг тавьж, хэлэлцүүлнэ” хэмээн онцолсон.
Тус хэлэлцүүлэг нь Монгол Улсын уул уурхайн салбарт “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг нэвтрүүлж, нутагшуулахад хэрхэн яаж ажиллах вэ гэдгийг ярилцаж, санал солилцоход чиглэлээ. Монгол Улс “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг нэвтрүүлсэн 13 дахь орон болж буй. Эл стандартыг хэрэгжүүлснээр уул уурхайн салбарын ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэхийн зэрэгцээ олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бататгах, татах стратегийн өндөр ач холбогдол өгөх юм. Эрдэнэт үйлдвэрт тус стандартыг хэрэгжүүлэхэд Канад Улсын Уул Уурхайн Ассоциаци дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Канад Улсын уул уурхайн салбарын туршлага, зөвлөмж манай орны уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийн шинэ соёлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа Ерөнхий инженер Т.Батмөнх энэ үеэр тодотгон, Канад улсын Уул уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Пиеррэ Граттонд талархал илэрхийлэв.
“Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын өөрийн үнэлгээний хэлэлцүүлэг, асуулт хариултын өмнө Канад Улсын Уул уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Пиеррэ Граттон, олон улсын стандартын танилцуулга болон хэрэгжүүлсэн туршлага, арга замын талаар танилцууллаа. Тэрээр, “Тогтвортой уул уурхайн төлөө стандарт бол энэ чиглэлээрх хамгийн эртний стандарт юм. Хамгийн сүүлд Турк улс уг стандартад нэгдсэнээр дэлхийн хэмжээнд нийт 14 улс орон “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартыг хэрэгжүүлж, цаашдын үйл ажиллагаандаа баримтлахаар илэрхийлээд байна. Стандартын гол зорилго нь уул уурхайн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, стандартын шалгуур үзүүлэлтийг ашиглан өөрсдийн гүйцэтгэлийг тогтмол хэмжиж, тайлагнах, улмаар хариуцлагатай, ил тод үйл ажиллагаа явуулж буйгаа илтгэн харуулах боломж бүрдүүлэхэд оршдог. Түүнчлэн, хамгийн гол давуу болон өвөрмөц онцлог нь уг стандартыг хэрэгжүүлж буй уул уурхайн компаниуд нь олон талын сонирхол бүхий оролцогч талуудыг нэгтгэн, сүлжээ байгуулсан байх шаардлага тавигддаг. Энэ нь улс орнуудын онцлог, нөхцөл байдлаас шалтгаалаад өөр өөр хэлбэртэй байж болно. Үүнийг илүү тодорхой гаргаж, бүх талуудтай нэгдэж хамтран ажилладгаараа “Тогтвортой уул уурхайн төлөө” стандарт бусад стандартуудаас ялгаатай гэх зэргээр Канадын Уул уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч мэдээлэл өглөө.
Тус стандартыг Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлж буйтай холбогдуулан, өнгөрсөн 8 дугаар сарын 11, 12-нд “Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын сургалтыг зохион байгуулж, үүнд тус үйлдвэрийн салбар бүрийн 23 мэргэжилтэн оролцсон юм. Тэгвэл өнөөдөр тус хэлэлцүүлэгт уг сургалтын оролцогчид болон хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүд өөр өөрсдийн чиглэлээр стандартын өөрийн үнэлгээний тайланг боловсруулан, танилцуулав. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Засаглал, ил тод байдал хариуцсан менежер М.Жаргалсайхан “Эрдэнэт үйлдвэрийн Тогтвортой уул уурхайн төлөө” стандартын өөрийн үнэлгээний нэгдсэн тайлан”-г танилцуулсан бол ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “Аюулгүй, эрүүл, нэр хүндтэй ажлын байр”, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр “Тэгш ба олон янз байдал, оролцоотой ажлын байр, Хүүхдийн болон албадан хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх”, БОНХХ-ийн Албаны дарга С.Эрдэнэтуяа “Биологийн олон янз байдлын менежмент, Ус, уур амьсгалын өөрчлөлт, Хаягдлын менежмент”, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат “Нутгийн иргэд болон орон нутгийн харилцаа”, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Д.Ганчимэг, Гамшгаас хамгаалах штабын гамшгаас хамгаалахын Тэргүүлэх мэргэжилтэн Б.Жигдэнгомбо нар “Хямралын менежмент, мэдээлэл харилцааны төлөвлөлт” зэрэг чиглэлээр өөрийн үнэлгээний тайланг хэлэлцүүлж, харилцан санал солилцлоо.















