Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицийн Оюутын ордод нарийвчилсан хайгуул хийж буй геологчид “Мэдлэг түгээх ажлын байр”-ныхаа нээлтийг өнөөдөр хийлээ. Тэд энэ онд геологичийн хээрийн ажлын байраа “Мэдлэг түгээх ажил”-ын байр болгон тохижуулсан байна. Тус ажлын байрандаа цахим мэдээллийн системийг бүрдүүлсэнээс гадна Оюутын ордын танилцуулга бүхий самбарууд байршуулжээ. Эндээс геологчид болон бусад хэсгийнхэн ажлын явцын мэдээллээ авах боломж бүрдсэн байна. Түүнчлэн цахим системийг хээрийн ажлын байранд нэвтрүүлснээр мэдээлэл дамжуулах хурд эрс сайжирсан аж.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр: ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаалаар ISO30400 багц стандартыг хэрэгжүүлээд дөрвөн жил боллоо. Энэ хүрээнд MNS ISO30401 мэдлэгийн менежментийн шаардлагын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор “Мэдлэг түгээх ажил”-ын байрыг бий болгох төсөл амжилттай хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйд ашиглах нөөцийг нэмэгдүүлэх их үйлсэд хүчин зүтгэж буй хээрийн нөхцөлд ажиллаж байгаа геологчдын явуулын “Мэдлэг түгээх ажлын байр”-ыг бий болгосон нь онцлог юм. “Мэдлэг түгээх ажлын байр”-ны зорилго нь манай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад 50 жил болж байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр уул уурхайн салбарт хүдрээ олборлох, баяжуулах,бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа явуулж ирснээс гадна улсын хэмжээнд том мэдлэгийн нөөц бий болгосон аж ахуйн нэгж. Тэгэхээр мэдлэгийн нөөцийг дараа үедээ хэрхэн дамжуулж хадгалах уу. Мэдлэгээ хэрхэн хуваалцах уу гэсэн зорилгын хүрээнд мэдлэгийн менежментийн журам, зорилго, кодчилол буюу жагсаалтыг үйлдвэрийн газрын хэмжээнд хийж байна. 2025 онд Ерөнхий захирлын тушаалаар Мэдлэгийн менежментийн бодлогыг баталсан. Өнгөрсөн 7 хоногт Мэдлэгийн менежментийн журам батлагдлаа. Мэдлэг хэн нэгэн ур чадвар, туршлагатай ажилтныг дагаад явахгүй. Устаж үгүй болохгүй. Эрдэнэт үйлдвэрийн цаашдын хөгжилд мэдлэгийг өв уламжлуулан үлдээх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байна. Ахмад, дунд, залуу үеийнхэн энэ төслийг санаачлан өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор “Мэдлэг түгээх ажлын байр”-ыг бий болгож байгаа. Хүний нөөц, захиргааны хэлтсээс бүх мэдлэгийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд гаргаж байгаа талаар дээр дурьдсан. Энэ кодчилогдсон мэдлэг маань баяжиж, цахим хэлбэрт шилжинэ. Зарим мэдлэг техник технологийн дэвшлээс шалтгаалан ашиглагдахгүй болсон. Ашиглахгүй болсон мэдлэгийг жагсаалтаас хасаж, архивлан авч үлдэх ажлыг эхлүүлээд байна.
Геологи, геофизикийн тэргүүлэх геологич У.Амгаланбаатар: Өмнө нь үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалын дагуу суурин ажлын байрандаа “Мэдлэг түгээх ажлын байр”-ыг бий болгосон. Өнөөдөр явуулын ажлын байраа “Мэдлэг түгээх ажлын байр” болгон тохижуулж нээлтээ хийж байна. Мөн Ашигтмалын тухай хуулинд заасны дагуу бид байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаараа ард иргэдэдээ мэдээллээ тогтмол хүргэн ажиллаж байна. Манай кемп дээрээс иргэд сонирхсон мэдээллээ авах боломж бүрдсэн. Геологийн хэсгийн “Мэдлэг түгээх ажил”-ын байр нэлээн сайжирсан байгаа. Цаашид “Мэдлэг түгээх ажил”-ын байранд жижиг сайжруулалтын ажил хийгдэнэ. Манай хэсэгт геофизикч, бутлуурчид ажилладаг. Эдгээр хүмүүс рүү чиглэсэн ажлын байрны сайжруулат хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус хэсэгт 16 геологич, дөрвөн бутлуурчин, дөрвөн геофизикч, нэг гидрогеологич ажилладаг. Геологийнхоо хээрийн ажлын байрнаас тус хэсгийнхэн мэдээллээ бүрэн авах боломжтой. Мөн төв рүүгээ програм хангамжуудаар дамжуулан мэдээллээ цахимаар илгээж байна. Оюутын ордын хэмжээнд байгаа чулуулаг, эрдэслэг бүрэлдэхүүний танилцуулгыг мэдээллийн самбарт байршууллаа. Уг ордод ямар чулуулаг, ямар судал байгааг харуулсны зэрэгцээ ямар эрдэс орсныг этлон байдлаар үзүүлсэн.
Геологич Д.Энхцэцэг: Бид мэдлэгээ түгээх, мэдлэгээ солилцох ажлын байртай болсондоо баяртай байна. Энэ онд Геологичийн хээрийн ажлын байраа “Мэдлэг түгээх ажлын байр“болгон тохижууллаа. Байрандаа зургаан төрлийн ажил хийлээ. Баримт бичгийн мэдээллийн самбар, үзүүлэнгийн эталон дээж тавьсан. Оюутын нарийвчилсан ордын мэдээллийг дамжуулах самбар хийсэн. Мөн Оюутын ордтой холбоотой эрдэм шинжилгээний өгүүллийг дэлгэн тавьсан. Ордын чулуулгийн мэдээлэл бүхий үзүүлэнгийн самбарыг хийлээ. Цахим мэдээллийн санг бүрдүүлсэн. Манай кемпээр гадна дотнын 50 гаруй хүн орж, гарч ажил төрлийн сэдэвтэй мэдээллээ солилцож байна. Бид мэдээллийн самбар, систем, цахим, хүнээс хүнд гэсэн хэлбэрээр мэдээллээ дамжуулж байна. Ордын хэмжээнд нийт долоон төрлийн дээж гарч байгаа. Энэ бүхнийг хүмүүст танилцуулах зорилгоор дээжний сорьцоос авч тавьсан.
-Ийнхүү геологчдын тохижуулсан явуулын ажлын байр “Мэдлэг түгээх ажлын байр”-ны 26 дахь нь боллоо.















