Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн байв.
Үйлдвэрийн хэмжээнд энэ намар өвлийн улиралд бэлтгэх хүрээнд нийт 305 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар, гүйцэтгэл 29.4 хувьтай байна. Үүнээс 100 хувь биелсэн 21 ажил байгаа бол гүйцэтгэх шатанд 170 ажил үргэлжилж байна. Харин эхлэх хугацаа нь болоогүй 114 ажил хүлээгдэж байгаа аж.
ДЦС-ын энэ жилийн Их зогсолт 8 сарын 23-ны Бямба гаригт болно. Их зогсолтын үеэр хийдэх засварын ажилд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг материалыг татан авч эхлээд байна. Бусад материалыг энэ сарын 20-ны өдөр гэхэд эцсийн байдлаар нийлүүлж бэлэн болно гэдгийг ДЦС-ын удирдлага мэдээлэлдээ онцлов. Их зогсолтын бэлтгэл хангах ажлыг Баяжуулах үйлдвэр, Ус хангамжийн цех, Эрчим хүчний хэлтэстэй хамтран нарийвчилсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Энэ сарын 21,22-ны өдрүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Бямбацогт Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцана. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа компаниудын 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдах бөгөөд эдгээрийн бэлтгэлийг хангаж буйг Хүний нөөц, захиргааны хэлтсээс мэдээлэв. Түүнчлэн бүтцийн нэгжийн удирдлагууд үйлдвэрийн цахим мэдээллийн системд ирж буй албан тоотын хариуг холбогдох мэргэжилтнүүдэд цаг алдалгүй шуурхай илгээж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/432 тоот тушаал гарч, хэрэгжиж эхэлснийг энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд онцоллоо. Энэ нь Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, “Эрдэнэт Монгол” нэгдэл, ТӨБЗГ-аас ирүүлсэн албан даалгавар, чиглэлийг хэрэгжүүлэх зорилготой юм. Дээрх албан даалгаварт төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашигт дүн шинжилгээ хийж, ашигт ажиллагааг сайжруулах, өртөг зардлыг бууруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг чиглэл өгсний дагуу уг тушаал хэрэгжих юм.















