Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн 2024 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас уг хууль тогтоомжийн талаарх сургалт сурталчилгааг иргэд даатгуулагчдад таниулан сурталчилж, ойлгуулах, нөгөө талаас зөвлөн туслах үүргийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд тус газрын мэргэжилтнүүд Эрдэнэт үйлдвэрийн санхүү эдийн засаг, татварын нягтлан бодогч, холбогдох бусад мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, өөрчлөгдсөн заалтууд, иргэд даатгуулагчдад ээлтэй зохицуулалтыг хуулийн эрх зүйн орчинд сайжруулж чадсан эсэх зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Тус сургалтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санал тавьсны дагуу мэргэжилтнүүдэд шинэ мэдлэг өгөх, санал бодлоо солилцох зорилгоор явууллаа гэж Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын Ахлах мэргэжилтэн М.Бямбадулам ярилаа.















