Эрдэнэт үйлдвэрийн харьяа Орос 12 дугаар цэцэрлэг болон Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн хичээлийн байрны дотоод засвар, заслыг Барилга засварын цех гүйцэтгэж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу энэ сарын 25 гэхэд бүх анги танхимын засварыг дуусгаж, бэлэн болгоно гэж тус цехийн удирдлага мэдээлэв.
Одоогийн байдлаар, 19 дүгээр сургуулийн анги танхимын засвар 80 хувь, цэцэрлэгийн урсгал засварын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Энэ онд Орос цэцэрлэгийн барилга, дотоод засварт хийгдэхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлууд 90 хувь биелж, энэ хүрээнд цэцэрлэгийн барилгын дулааны узель, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих зам, агааржуулалтын систем, гал тогооны дээврийн засвар зэрэг засвар хийгджээ байна. Үүний зэрэгцээ тус цэцэрлэгийнхэн гадна талбай, хиймэл зүлэгжүүлэлт, барилгын фасад болон дуу хөгжим, арга зүйн танхимуудаа засаж тохижуулан, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байна.
19 дүгээр сургуулийн барилгын дотоод засварыг Барилга засварын цех гүйцэтгэн энэ сарын 25-нд бэлэн болгохоор ажиллаж байгаа бол сургуулийн гаднах орчин, сагс волейболын талбайг “Бурхууд” компани гүйцэтгэж байна. Засварын ажлын гүйцэтгэл явцад хяналт тавьж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахаар хамтран ажиллаж буйг тус сургуулийн ХАБЭА-н инженер Т.Сод-Эрдэнэ онцоллоо.


















