УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойр тойрны хүрээлэл болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нараар дамжуулан “төрийн өмчийн компаниудаас мөнгө иддэг, угаадаг” гэх утга бүхий, огт үндэслэлгүй, худал мэдээллийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээнд тараасан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гарч байгаа болон орж байгаа мөнгөн урсгалыг ил тод, нээлттэй болгох зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, “Монголын Хөрөнгийн Бирж” ХK-иар зэсийн баяжмалыг биржээр худалдаж байна.
Тухайлбал, “Монголын Хөрөнгийн Бирж” ХK-аар дамжуулан 2024 оны 04 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалын арилжааг сар тутам зохион байгуулснаас 6 удаагийн арилжаагаар нийт 23 мянган тонн зэсийн баяжмалыг борлуулан, 45.5 сая ам.долларын орлого олсон. Цаашид ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь биржийн арилжааны цар хүрээг өргөжүүлж, зэсийн баяжмалын борлуулалтыг жил тутам нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хиймэл оюунд суурилсан “TenderEval 1.0”, “TenderEval 2.0” системийг боловсруулан, худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээнд нэвтрүүлээд байна. Уг төслөөр тендер шалгаруулалт, худалдан авах ажиллагааг цахимжуулах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй аливаа алдаа, зөрчлийг бууруулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн худалдан авах ажиллагааны салбарт томоохон дэвшил гаргаад байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шилэн, ил тод, нээлттэй байх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсээр байхад, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхайчин хамт олны бүтээн байгуулалт, ажил үйлсийг зориудаар мушгин гуйвуулж, нэр бүхий удирдлагыг олон нийтийн цахим сүлжээнд илт гүтгэн харлуулсан, нэр хүндэд нь санаатайгаар халдсан үйлдэл болсон тул уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандахаа мэдэгдэж байна.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ
2025.06.27