“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 олон улсын багц стандарт, Мэдлэгийн менежментийн ISO30401 стандартын хүрээнд ажлын байраар дамжуулан мэдлэг бүтээх, хуваалцах, далд мэдлэгийг илрүүлэн хадгалах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготойгоор “Мэдлэг түгээх ажлын байр”-уудыг үе шаттайгаар бий болгон ажиллаж байна. Энэ удаа Орос 12 дугаар цэцэрлэг хүүхдийн сувилагчийн өрөөгөө мэдлэг түгээх ажлын байр болгон шинээр тохижуулсныг Хүний нөөц, захиргааны хэлтсийн мэргэжилтнүүд өнөөдөр биечлэн үзэж танилцлаа.
Сувилагч Б.Оюунтунгалаг, Д.Оюунаа нар өөрсдийн мэргэжлийн мэдлэгийн жагсаалтын дагуу материал, гарын авлага бэлтгэж баримтжуулан, цахим мэдээллийн сан бүрдүүлж, стандартын шаардлагын дагуу ангилан хаягжуулжээ. Түүнчлэн бүлгүүдийн орос нэршлийг эцэг эх, хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар нэгтгэн хэвлэж, бүлэг тус бүрт байршуулсан байна. Сувилагчийн өрөөний орчныг ч мэдлэг түгээх хэлбэрт нийцүүлэн бүрэн тохижуулжээ. Тухайлбал, хүүхдүүд өсөлт, хөгжлөө өөрсдөө хянах боломжтой хэмжилт, анхны тусламж үзүүлэх дарааллыг харуулсан зурагт самбар, зөв зуршил төлөвшүүлэх мэдээлэл зэргээр сургалтын буланг байгуулсан байна.
Мөн сувилагч нар хүүхдүүдэд тогтмол үзлэг хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, дархлаа дэмжих цэгэн иллэг, гар болон шүдийг зөв угаах аргачлал заахын зэрэгцээ “Эрүүл амьдрал”, “Аз жаргалтай гэр бүл” сэдвээр цахим нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, эцэг эхчүүдийг мэдээллээр хангасан байна. Үүнээс гадна танин мэдэхүйн сургалт, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх мэдээлэл, товлолт дархлаажуулалт, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр танхим болон цахим хосолсон цуврал сургалт зохион байгуулжээ.
Энэхүү ажлын үр дүнд эцэг эхчүүдийн оролцоо нэмэгдэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа идэвхжиж, тусламж үйлчилгээний чанар сайжирч, хүүхдийн өвчлөл буурч байгааг цэцэрлэгийн хамт олон онцоллоо.
2024-2025 оны хичээлийн жилд тус цэцэрлэг 11 бүлэгт 281 хүүхэд, 54 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулсан байна.
Орос цэцэрлэг сувилагчийн өрөөгөө мэдлэг түгээх ажлын байр болгон тохижуулжээ

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0