“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, Авилгатай тэмцэх газартай хамтран “Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” сэдэвт сургалтыг Оюу танхимд өнөөдөр зохион байгуулав. Энэхүү сургалтанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг, худалдан авалт, дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд хамрагдав. Түүнчлэн Авилгатай тэмцэх газрын комиссарууд “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Удирдах албан тушаалтны ёс зүй, манлайлал”, “Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал”,”Авилгын гэмт хэрэг” зэрэг сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хийсэн мэдээлэлдээ: “Манай үйлдвэр сүүлийн гурван жилийн хугацаанд жил бүр 1,1 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортолж улс, орон нутгийн төсөвт жилд 1,5-2 их наяд төгрөг төвлөрүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жилийн дундажаар Эрдэнэт үйлдвэр Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5,8 хувийг, экспортын 8 хувийг, улсын төсвийн орлогын 7,2 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Улс орныхоо эдийн засгийг тэтгэж буй энэхүү үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд жилд 1500 гаруй худалдан авалтын тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг. Иймээс Эрдэнэт үйлдвэрийн бүх үйл ажиллагаа ил тод, нээлтэй, шударга, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой. Энэ утгаараа бид Авилгатай тэмцэх газартай хамтран олон талт үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэлбэр нь жил бүр тогтмол зохион байгуулдаг “Авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх” сургалт юм. Иймээс Авилгын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, бэрхшээлтэй, эргэлзээтэй, анхаарах шаардлагатай зүйлсийг тодруулах, нэгдсэн ойлголттой болох нөхцөл бүрдсэн учраас та бүхэн сургалтандаа идэвхтэй оролцож, цаашид гарч болзошгүй зөрчил, эрсдэлийг бууруулж, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж авна гэдэгт итгэлтэй байна. Төгсгөлд нь хэлэхэд Эрдэнэт үйлдвэр, УИХ-аас баталсан Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг жил бүр баталж, авилгын эсрэг болон авилгаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж ирлээ. Мөн Авилгаас ангид байх ажлыг үр дүнтэй болгохын тулд гүйцэтгэлийн түвшинд эрсдэлийг төлөвлөж, урьдчилан сэргийлж, дотоод хяналт шалгалт, аудитын ажлыг тогтмол зохион байгуулж байна. Авилгатай тэмцэх газрын Үндэсний хорооны 2024 оны нэгдүгээр тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Авилгатай тэмцэх менежментийн тогтолцооны ISO 370012024 стандартыг нутагшуулан нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээн онцлов.
Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар М.Жамъян-Чойжил: "Жил бүр Авилгатай тэмцэх газраас Төрийн өмчийн томоохон газруудад сургалт явуулдаг. Эхнээсээ үр дүн нь гарч байна. Энэ удаагийн сургалт төрийн албан хаагчдыг авилгын гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зохилготой юм. Цаашид нийтийн албанд болон Төрийн өмчит үйлдвэр аж ахуйн газар ажилладаг хүмүүс хууль тогтоомжийн мэдлэгээ сайжруулснаар авилгын гэмт хэргээс ангид байна. Шунахайн сэдэлтэйгээр зарим нэг хүн авилгын гэмт хэрэгт холбогдохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хүмүүс хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлснээр гэмт хэрэгт холбогдохгүй байх үндэс суурь нь болдог. Энэ үүднээс 21 аймагт ийм сургалтууд зохион байгуулсан. Одоо Эрдэнэт үйлдвэрт хамтын ажиллагааны хүрээнд ээлжит сургалтаа амжилттай зохион байгууллаа.” гэв.