Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөрийн нэг “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны хэрэгжүүлэлтэд хамрагдахаар шалгарсан оролцогчид өчигдөр уулзаж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.
2022 онд ахисан түвшинд хэрэгжиж эхэлсэн “Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр”-т анх манлайлагч 100 залуу хамрагдсан бол 2023 онд 82, 2024 онд 64 ажилтан идэвх оролцоо, өөрийн хөгжлөөрөө шалгарч суралцсан юм. Харин энэ удаа ажлын туршлага, ур чадварын шалгуур үзүүлэлт хангасан 70 залуу шалгарч, хөгжлийн гараанд бэлэн болжээ.
Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийн үйл ажиллагааг Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр нээж хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр удирдах ажилтнуудын нөөц бэлтгэх, хөгжлийг түүчээлэх манлайлагч, авьяас, ур чадвартай түлхүүр ажилтнуудыг бэлтгэх зорилготой “Манлайлал, авьяас, чадварын хөтөлбөр”-ийг гурван жил амжилттай хэрэгжүүллээ. Эрдэнэт үйлдвэрт, “Эрдэнэс Монгол” нэгдэлд, цаашлаад Монголын уул уурхайн салбарт авьяас, ур чадвартай түлхүүр ажилтнуудын нөөц сан бүрдүүлсэн. Одоо хоёр дахь шатны хөтөлбөр маань хоёр жилийн хугацаатай хэрэгжихээр нээлтээ хийж байна. Оролцогчид хөтөлбөрийн хугацаанд олон төрлийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж, хөтөлбөр хэрэгжүүлэгч Дэд ажлын хэсгээс төлөвлөн даалгасан нөлөөллийн ажил, удирдахуйн ухааны хэлэлцүүлэг, төслийн менежментийн уралдаан зэрэгт багийн зохион байгуулалтаар оролцож, манлайлал, авьяас чадвараа хөгжүүлэхээс гадна олон жилийн нөхөрлөлийн үүд хаалга нээгддэгийг онцлоод хичээнгүй, шантрахгүй суралцах үйлсэд нь амжилт хүслээ.
Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Дэд ажлын хэсгийн ахлагчаар Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ажиллаж байна. Дэд ажлын хэсэг төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлэхийн төлөө шаргуу ажиллаж, ирээдүйн Эрдэнэт үйлдвэрийг удирдах, Монголын уул уурхайн салбарт манлайлах ажилчдыг бэлтгэх том зорилгоо хоёр жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байгаагаа илэрхийлсэн юм.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн хөгжлийн бодлого тууштай хэрэгжиж, ажилтнуудын манлайлал, авьяас чадварыг дэмжих хөтөлбөр дараагийн шатандаа амжилттай шилжиж байна.
Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийн нээлт боллоо

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0