“Эрч хүч, Эв нэгдэл” уриан дор зохиогдож буй "Уурхайчдын спортын их наадам"-ын ширүүн өрсөлдөөн энэ сарын 22-ноос Эрдэнэт хотноо эхлэх гэж байна. Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд нийт 40 багийн 1600 гаруй тамирчин ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдөхөөр мэдүүлгээ илгээжээ. Тэдний 100 гаруй нь Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тамирчид байна.
Эрдэнэт үйлдвэрийн баг, тамирчдад Оёдлын цехийн урласан спортын шинэ загварын хувцас, өмсгөл гардуулах үйл ажиллагаа өнөөдөр “Оюу” танхимд боллоо.
Энэ үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон тамирчдадаа, эвийг эрхэмлэн, эрч хүчтэй, шударга өрсөлдөхийн чухлыг захиад, Уурхайчдын спортын их наадмын дөрвөн удаагийн цомыг үүрд хадгалж буй бахдам амжилтаа бататгахыг ерөөж, амжилт хүсэв.
Спортын их наадам энэ жил сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, шатар, дартс, ширээний теннис, И-спорт гэсэн долоон төрлөөр явагдах бөгөөд уурхайчдын эв нэгдэл, спортын авьяас чадварыг харуулсан томоохон талбар болох юм.























