Энэ сарын 9-11-нд Солонгос улсын Суван хотноо “Korea Challenge Cup” Олон улсын тогооч нарын ур чадварын тэмцээн боллоо.Тус тэмцээнд есөн орны 2000 гаруй тогооч мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Уг тэмцээнд 2-4 тамирчин нэг баг болж, өөрсдийн сонгосон хоолны төрлөөр өрсөлдсөн юм. Эрдэнэт үйлдвэрийн СААЖЦ-ын тогооч Б.Алтанцэцэг, П.Сарангэрэл нарын баг паста, тахиа, шувууны мах, загас, далайн гаралтай хоолны төрөлд амжилттай оролцож хоёр алт, хоёр мөнгө,хоёр хүрэл медаль хүртлээ. Мөн тус үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын рестораны эрхлэгч, Монгол улсын мастер тогооч Б.Байгалмаа шүүгчээр ажилласан байна. Тэмцээнд оролцогчид Солонгос улсын хоол, ундаа болон орон орны хоолны соёлтой танилцаж, туршлага солилцжээ.


















