“Үндэсний давхар даатгал” ХК-ийн даатгалын мэргэшсэн зөвлөх багш нар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс болон цех, нэгжийн ХАБЭА хариуцсан инженер, ҮЭХ-ны төлөөллүүдийг хамруулан “Уул уурхайн даатгал ба Эрсдэлийн удирдлага” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалт нь тус үйлдвэрийн эрсдэлийн үнэлгээ, судалгаа болон үүнтэй холбоотойгоор давхар даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэлд чиглэлээ.
Сургалтын гол ач холбогдол нь улсын төсвийн орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг стратегийн онц чухал аж ахуйн нэгж болох Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн удирдлага, тогтвортой үйл ажиллагааг зохистой түвшинд байлгах, даатгалын худалдан авалтыг илүү үр дүнтэй, өндөр ашигтай зохион байгуулах зэрэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхэд уг сургалтын ач холбогдол оршиж буйг “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант онцолсон. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрт эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр эрсдэлийн удирдлагыг ахисан түвшинд хүргэх, даатгалын оновчтой худалдан авалтыг зохион байгуулах боломжтой болох юм. Энэ удаагийн сургалтын үеэр “Үндэсний давхар даатгал” компаниар даатгуулсан нэг тоног төхөөрөмж галын эрсдэлд өртсөн тул тэдгээрт газар дээр нь үзлэг хийж, холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөрийг шуурхай олгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллах ажээ.
“Үндэсний давхар даатгал” ХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ - тай 2021 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ жил хамтын ажиллагааны гэрээг дахин гурван жилээр сунган ажиллаж байна. Тус компани нь төрийн өмчит үндэсний давхар даатгалын цорын ганц компанийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн бүхий л эрсдэлийг хүлээн авч, эрсдэл гарсан тохиолдолд нөхөн төлбөрийг хурдан шуурхай олгох талаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нөхөн төлбөрийг хурдан шуурхай олгосноор хохирлыг цаг алдалгүй нөхөн сэргээх, үйлдвэрлэл хэвийн горимоо үргэлжлүүлэх зэрэг нөхцөл бүрдүүлж, санхүүгийн гол хамгаалалт болох боломжтой гэж тус компанийн удирдлага ярилаа.