Засгийн газрын ажлын баг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон үүсмэл орд ашиглагч компаниудын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан нар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд болон үүсмэл орд ашиглагч хуулийн этгээд “Эрдмин”, “Ачит-Ихт”, “Зэс Эрдэнийн хувь” компанийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. 
Уг уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, “Эрдмин” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбаяр, “Ачит Ихт” ХХК-ийн Ажлын хэсгийн ахлагч Д.Цогбаатар, “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүс оролцов. 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралаар ахлуулсан ажлын хэсгийн баг үүсмэл орд ашиглаж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, удирдлагуудынх нь санал бодлыг сонслоо. Энэ үеэр хоёр тал цаашид үүсмэл ордыг зөв зохистой ашиглахад хууль эрх зүйн зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болохыг онцолсон юм.


 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хийсэн мэдээлэлдээ: “Үндэсний баялгийн сангийн хуулийг өмнөх УИХ-аас баталсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх хуулийн дагуу орлогыг төвлөрүүлэгч хуулийн этгээд “Эрдэнэс Монгол” нэгдэлд Баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Өнөөдөр стратегийн орд, түүний үүсмэл ордыг ашиглаж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзаж байна. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, хувийн хэвшлийн төлөөлөл та бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, стратегийн ордууд дахь Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг хуулийн хүрээнд ажлаа явуулна. Байгалийн баялаг, ард түмний мэдэлд байж, баялгийн дийлэнх хэсэг нь ард түмэнд ноогдох Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, үндсэн эрх, үндсэн зарчим, мөн Баялгийн сангийн хууль, Ашигт малтмалын тухай хуулийг манай ажлын хэсэг мөрдөн ажиллана. Монгол орны газар, улсын тусгаар тогтнолын үнэ цэн болсон, өвөг дээдсийн өвлүүлсэн газар нутгийн үр шим, Монгол Улсын иргэн бүр эх орныхоо үр өгөөжөөс хүртэх эрхийг эрх тэгш, илүү баталгаатай хангуулах нь бидний зорилго. Бид, Баялагтаа эзэн монголчуудын өмнөөс хүлээсэн өндөр хариуцлагатай онцгой даалгаврыг биелүүлэхдээ гурван үндэслэлд тулгуурлан хэлэлцээр хийж байна. Нэгдүгээрт, монгол хүн бүр байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн байх. Хоёрдугаарт, эдийн засаг санхүү, эрх зүйн хувьд үүсэж болзошгүй сөрөг нөхцөл байдлыг иж бүрэн ухаалгаар тооцоолсон, өргөн олонд өр биш, үр өгөөж өгөх хууль ёсны бүрэн баталгааг хангуулах. Гуравдугаарт, ардчилсан, эрх чөлөөт нийгмийнхээ язгуур үндэс суурийг сахин хамгаалж, бизнесийн эрх чөлөө нэр төрд халдахгүй байх гэсэн зарчмыг барьж ажиллана. Бид ирээдүй хойч үедээ өр үлдээж болохгүй. Өв үлдээх ёстой. Иймээс стратегийн ордуудтай хэлэлцээр хийхдээ сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Хож, хож гэсэн үндсэн зарчмыг барьж ажиллах ёстой. Бид мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Ажлын дэд хэсэг байгуулсан. Хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Өнөөдрийн байдлаар Стратегийн ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 10 гаруй компаниас Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн болон миний нэр дээр захидал ирүүлсэн. Тэгэхээр бидний хэлж заншсан овоолго буюу үүсмэл орд нь эрдэнэс нуугдсан баялаг болохыг иргэдэд үнэнээр нь хэлэх ёстой. Эрдэнэт үйлдвэр сүү нь ширгэсэн саалийн үнээ биш. Асгарч хураагдсан нь хүртэл ашиг мөнгө өгдөг үндэсний баялаг. Эрдэнэт үйлдвэр цар тахлын үед Монголчуудад тусламжийн гараа сунгасныг хүн бүхэн мэднэ. Өнөөдөр бид үүсмэл гурван орд дээр үйлдвэр барьж, ажлын байрыг нэмэгдүүлж, татвар хураамж төлж байгаагийнх нь төлөө “Эрдмин”, “Ачит ихт”, “Зэс Эрдэнийн хувь” ХХК-иудад хууль ёсны баталгаатай ирээдүйг нээх гэж ирсэн. Аль аль нь хууль ёсны үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх бүрэн баталгааг хангуулах учиртай. Үндсэн хуулийн дагуу стратегийн ордоос үүссэн үүсмэл орд дээр Монголын төр, ард түмний хууль ёсны хувь эзэмшил, үр өгөөжөө аль нэг тохиромжтой хэлбэрээр авах, өөрөөр хэлбэл эдлэх ёстой эрхээ эдлэхийн тулд бид яах ёстойг ярилцахаар ирээд байна. Үүсмэл гурван ордын асуудал нь үүсмэл болоод 31 жил өнгөрлөө. “Эрдмин” 28, “Ачит ихт” 15, “Зэс эрдэнийн хувь” ажиллаж эхлээд 10 жил өнгөрсөн байна. Өнөөдөр баялгийн эзэн Монголчууддаа үүсмэл ордын үр өгөөж, ашиг багатай үйлдвэр байгуулаад ажиллаж байгаа та бүхэнд ч эрх зүйн баталгаа, эрүүл тогтвортой орчин алга байгааг Монголын Төр хүлээн зөвшөөрч байна. Үүсмэл ордоос төрийн эзэмших хувь хэмжээ, эсвэл түүнийг орлуулах зохицуулалт, хуулийн шийдэл зөрүү байна. Энэ мэт олон асуудлыг эмхлэн цэгцэлж, илүү баталгаатай, эргэж буцахааргүй болгох үүргийг бид хүлээж байгаа. Иймээс үүсмэл ордод авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар оруулна. Өнөөдөр үүсмэл орд дээр бид лиценз олгодоггүй гэрээгээр ашиглуулдаг. Цаашид нээлттэй тендер зарлаж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ чөлөөтэй өрсөлдүүлээд гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашиглах бололцоог хангуулах ёстой. Ашигт малтмалын хуульд, Стратегийн орд, түүний үүсмэл ордын улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэл хувийг нь, хувийн хэвшил өөрөө тогтоосон бол 34 хүртэлх хувийг гэж заасан байгаа. Энэ нь хэлэлцээр хийх эрхийг нь өгсөн явдал юм. Мөн Ашигт малтмалын хуульд, Төрийн эзэмшлийн 34 хувийг бүтээгдэхүүн хуваах, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулахыг УИХ шийднэ гэсэн зохицуулалт хийж өгсөн. Энэ нь хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлж өгсөн хууль. Тэгэхээр үүсмэл ордыг ашиглах ямар лиценз эзэмших, ямар тусгай зөвшөөрөл авах, яаж сонгон шалгаруулах, яаж тендер худалдан авах хуулийг барих юм бэ гэдэг зохицуулалтыг хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс хувийн хэвшил, компаниудын үйл ажиллагааг хуулийн хүрээнд баталгаажуулж өгсөн. Энэ асуудлыг УИХ-аар шийдэж чадвал аль нэг Засгийн газар гарч ирээд улс төржихгүй, тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр бид хувийн хэвшлээ хангах ёстой. Бидний ажил үндсэн хоёр алхмаас бүрдэж байна. Санхүү, олборлолт, хууль зүйн судалгаа, тооцоолол хийж дүгнэлт гаргах учиртай. Дүн шинжилгээнд үндэслэн төрийн эзэмшлийн ашигтай хувилбарууд гарган, тусгай зөвшөөрөл эзэмшигч, үүсмэл ордыг ашиглаж буй компани аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцээр хийх учиртай. Хэлэлцээртээ үндэслэн ажлын хэсгийн санал болгосон хувилбарыг Засгийн газарт танилцуулна. Засгийн газар УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэр гаргана. Ингэснээр эрх зүйн хувьд хаа хаанаа ямар нэгэн зөрчилгүй асуудал бүрэн шийдэгдэнэ. “Баялагтаа эзэн Монгол” үзэл баримтлалын дагуу Ажлын хэсгийн ахлагчийн хувьд таван зарчим баримталж ажиллана, гээд үүсмэл орд ашигладаг үйлдвэрийн удирдлагуудад хандан Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого шийдвэрийг дэмжин ажиллахыг уриаллаа.
 

Монгол Улсын Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан: “Стратегийн орд эзэмшигч дотроос нөөцөө нэмэгдүүлж, ажлын байраа хадгалж, эдийн засгийн хямралыг давж ирсэн нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ. Эрдэнэтийн үүсмэл ордыг ашиглаж байгаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч биш гурван аж ахуйн нэгжтэйгээ цөөн бус удаа уулзаж ярилцаж байр сууриа илэрхийлсэн. Эдгээр компаниудтай холбоотой бичиг баримтыг татан авч, шинжээчдийн баг ажиллаж байна. “Ачит-Ихт” компани төрийн эзэмшлийн 34 хувиа анхны гэрээний дагуу төрдөө өгье гэж бичгээр ирүүлсэн байдаг. Харамсалтай нь хууль хяналтын байгууллага дээр жижиг маргаантай учраас үүнийг өнөөг хүртэл баталгаажуулахгүйгээр явж байна. Энэ бүхнийг хуулийн хүрээнд шийдүүлээд цааш явах асуудлыг Хэрэг эрхлэх газрын дарга сая хэллээ. “Ачит-Ихт” компани аваарын нөхцөлд ажиллаж байсан. Үүнийг арилгасан гэж ойлгосон. Иймээс үйл ажиллагааг нь жигдрүүлээд урагшлах шаардлагатай гэж бид харж байгаа. “Зэс Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьд мөн 34 хувиа Засгийн газарт, Эрдэнэт үйлдвэртээ өгөх талаар туршилтын гэрээндээ тусгачихсан байдаг. Туршилтын үеэс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа руу орохдоо хувь хэмжээ төрийн ноогдол ашиг энэ бүхнийг гэрээгээр баталгаажуулах талаар гэрээндээ заасан байгаа. “Зэс Эрдэнийн хувь” ХХК 20 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй учраас засаглалынхаа чанар, бизнесийн ирээдүйн төлөвлөгөөний үүднээс УИХ-аар оруулахдаа 34 хувиа АМНАТ-аар орлуулах талаар бодож байгаагаа илэрхийлсэн. Тус компани туршилтын үеэсээ үйлдвэрлэлийн үе рүүгээ албан ёсны зөвшөөрлөө аваад, Эрдэс баялгийн зөвлөл болон Уул уурхайн яамаар бичиг баримтаа аль болох хурдан баталгаажуулаад явах нь зүйтэй байх. “Эрдмин” компанийн удирдлагуудтай удаа дараа уулзсан. Эхлээд 34 хувиа эдгээр компаниудаас ижил тэгш эрхтэйгээр баталгаажуулж ав гэдэг. Өөрөөр хэлбэл энэ гурван компани өөр хоорондоо барьцдаг. Бид 25 хувь дээрээ 9 хувиа нэмээд 34 хувиа өгөхөд бэлэн байна гэдэг саналаа амаар болон бичгээр “Эрдмин” компанийн удирдлагууд илэрхийлсэн. Иймээс төрийн эзэмшлийн хувь хэмжээгээ нэгэнтэйгээ барьцахгүйгээр албан ёсны гэрээ болон тогтоол шийдвэрээрээ баталгаажуулаад Засгийн газар, УИХ руу оруулах нь зүйтэй юм.
 

“Зэс Эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар: “Манай ажлын баг энэ компанийн гацсан ажлыг Эрдэнэт үйлдвэртэй хэлэлцээр хийж эхлүүлж байлаа. Монгол Улс хөгжих шаардлагатай. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд хийх ёстой. Өнгөрсөн хугацаанд манай компанид Япон улсаас зээл өгсөн. Уг зээлийг эх үүсвэргүй баталгаагаар олгосон байдаг. Хөрөнгө оруулалтын зээл татаж буй явдал нь компани бүхэн дээр өөр өөр байгаа байх. Манай компанийн хувьд 70 хувь нь нэг багц хувьцаанд 30 хувь нь иргэдийнх. Мэдээж, Японд очиж худалдааны нөхцөлөө тохирч байсан. Манайх 30 хувь нь иргэдэд байна. Дээрээс нь 34 хувиа өгөхөөр өмнөх хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ тодорхойгүй байдал үүсэх эрсдэл байгаа. Иймээс 34 хувиа өгөх хүсэлтээ бид 2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гаргаж байсан. Тэгэхдээ зэсийн суурь үнээс хамаарсан АМНАТ-ыг өгч явна. Энэ нь 10-аас дээш хувийн АМНАТ-ыг өгөх боломжтой.  


 

“Эрдмин” компанийн хувьцаа эзэмшигч Ж.Дамдинжав: Би Монгол Улсад уусган баяжуулах технологийг анх оруулж ирсэн баяжуулагч инженер хүн. “Эрдмин” компанийн захирлын албыг хашиж явсан. Улс орны ирээдүйн төлөө өнөөдөр чухал асуудал хөндөн ярьж байна. Засгийн газар, хувийн хэвшил хоёрын дунд хэлэлцээр хийж байгаад сэтгэгдэл өндөр байна. Манай компани 2004-2005 онд хөрөнгө оруулалтаа нөхсөн. Одоогийн байдлаар Засгийн газраас явуулж буй үйл ажиллагааг дэмжиж 34 хувь болгож, үүнээс 9 хувиа өгөх хувилбараа дэмжиж байгаа. Өнгөрсөн баасан гарагт болсон манай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар 34 хувиа Засгийн газар, Эрдэнэт үйлдвэртээ өгөх шийдвэр гаргасан. Тогтоолд гарын үсгээ зурцгаасан байгаа. Төр, хувийн хэвшлүүдтэйгээ эв эеэ олж буй явдал их олзуурхууштай байна. Цаашид манай компани 34 хувиа өгөөд лицензтэй болоод явах ёстой. Төрийн бодлого шийдвэрийг дэмжин ажиллана.

“Ачит-Ихт” компанийн ажлын хэсгийн ахлагч Д.Цогбаатар: “Ачит-Ихт” компанитай Монгол Улсын Ашигт малтмалын тухай 1994 оны хуулийг толгойлж ажилласан. Тус компанид би ажилладаггүй. Миний бие энэ компанийн ТЭЗҮ-ийг боловсруулахад шинжээчээр ажилласан хүний хувьд Монгол Улсын Засгийн газраас гаргасан Үндсэн хуулийн 6-гийн 2, Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхэд энэ асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу ажлын хэсгийг ахалж байгаа хүн. Монгол Улсын Засгийн газрын энд тавьж буй бодлогыг хэрэгжүүлэхэд бид 100 хувь оролцоно. Аль болохоор Монгол Улсад, манай орны ард иргэдэд үр ашигтай тэр хувилбарт саналаа өгөхөөр бэлтгэсэн байгаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон: “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрүүдийг дэмжиж саналаа хэлж, зөвшилцсөн хувийн хэвшлийн хүмүүст талархлаа. Миний бие энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш 34 хувийг авах талаар тодорхой ярьж байсан. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар орох Үүсмэл ордтой холбоотой тогтоолын гурван заалтыг тайлбарлая. Эхний заалт нь Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглаж буй катодын зэсийн үйлдвэрт хийсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ажиллаж буй ажилчдын эрх ашиг, цаашдын тогтвортой байдлыг ханган, хувийн хэвшилтэй Төрийн өмчит компани өрсөлдөхгүй байх зарчмыг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын барихаар төлөвлөж буй исэлдсэн хүдрийн овоолгоос катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийн төслийг зогсоож, хөрөнгө оруулалтыг илүү үр ашигтай, өндөр технологийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гэж заасан. Энэ нь хувийн хэвшилд маш хэрэгтэй заалт. Ер нь манай Засгийн газраас төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барин ажиллаж байна. Энэ утгаараа гурван аж ахуйн нэгжид исэлдсэн хүдэр ашиглах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Яагаад гэвэл төр хувь эзэмшчихээд, түүхий эд өгөхгүй байж болохгүй. Тэгэхээр хувийн хэвшлийг түүхий эдээр ханган ажиллуулах нөхцөлийг Эрдэнэт үйлдвэр санаачилж, Засгийн газрын тогтоолд ийм заалт оруулсан. Хоёрдугаарт, Эрдэнэтийн-Овоо ордын үүсмэл ордыг ашиглаж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай “Эрдмин”, “Ачит-Ихт”, “Зэс Эрдэнийн хувь” ХХК-иуд Төрийн эзэмшлийн хувь хэмжээг эцэслэн тогтоосны дараа үйл ажиллагааг нь хүдрээр хангахдаа аль нэг компанид давуу байдал олгохгүй, ил тод, нээлттэй, төр, хувийн хэвшил хоёр талын сэтгэл ханамжийг хангасан зарчим баримтлах, үйлдвэрлэсэн катодын зэсийн борлуулалтыг уул уурхайн бүтээгдэхүүний Биржийн тухай хуулийн дагуу явуулахыг, гэсэн заалт орсон. Гуравдугаарт, Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор одоогоор ашиглагдахгүй байгаа, Эрдэнэтийн-Овоо ордод үүссэн бага агуулгатай хүдрийн овоолгыг богино хугацаанд ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах чадавх бүхий хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахыг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн олон улсад нээлттэй ил тод байдлаар зохион байгуулахыг, гэж заасан. Эдгээр заалтууд та бүхний үйл ажиллагаанд нийцэх заалтууд орсон гэж бодож байна” гэв. 
 

Энэ удаагийн уулзалт Төр, хувийн хэвшлийнхэн харилцан ойлголцсон, биесээ дэмжсэн, халуун дулаан уур амьсгал дунд болж өндөрлөлөө.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %