Эрдэнэт үйлдвэрийн Засвар, механикийн заводын Гэр бүл, эцэг эхийн зөвлөл Орхон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран “Супер аав” өдөрлөгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь аав хүний үүрэг хариуцлага, гэр бүлийн аз жаргалд гүйцэтгэх үнэлж баршгүй хувь нэмэр, хүүхдийн хүмүүжилд үзүүлэх үр нөлөөг онцлон таниулахад чиглэсэн юм. Өдөрлөгийн хүрээнд “Аав та хүүхдийн амьдралын луужин” сэдэвт лекц сургалт зохион байгуулж, аавуудынхаа бахархлыг сэргээж, гэр бүлийн үнэ цэнийг улам ойлгуулахыг зорьсон.
Сургалтын үеэр уурхайчин аавууд хүүхдийн хүмүүжилд өөрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хадгалах, харилцаагаа бат бөх байлгах арга ухаанд суралцаж, бие биенийхээ туршлагаас хуваалцан, урам зориг авсан үр дүнтэй өдөрлөг болов.
Мөн бодлогошрон эргэцүүлэх дасгал ажлуудаар дамжуулан тэд өөрсдийн амьдрал, гэр бүлдээ гүйцэтгэх үүргээ шинэ өнцгөөс харж, илүү хариуцлагатай байж,
хүүхдийнхээ амьдралын луужин байх эрхэм зорилтоо улам бататгасан талаарх сэтгэгдлээ энэ үеэр илэрхийлсэн юм.
Төмрийн дархчууд "Супер аав" өдөрлөгт оролцов

Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0