“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн удирдлагууд, Олон улсын аудит хийх эрх бүхий БНСУ-ын “Кэй Пи Эм Жи” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус компани нь олон улсын аудит хийх эрхтэйгээр, дэлхийн 142 улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийж байгаа юм.
Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат: “Манай үйлдвэрийн газрын 2024 оны Санхүүгийн тайланд аудит хийх эрх бүхий Солонгосын “Кэй Пи Эм Жи” компанийн партнер Жу Сан Ёноор ахлуулсан хүмүүс санхүүгийн тайланд Олон улсын аудит хийхээр ирээд байна. Тус компани манай үйлдвэрт сүүлийн дөрвөн жил аудит хийж байгаа бөгөөд Олон улсын стандартын дагуу хэрхэн ажиллах талаар үнэтэй зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Тухайлбал өмнө нь хэд хэдэн компани үнийн өсөлтийн асуудлаар манайд гомдол гаргаж байсан. Энэ нь бодит үнийн өсөлт байсан уу, үгүй юу гэдгийг “Кэй Пи Эм Жи” компаниар аудит хийлгэсэн. Үүний үр дүнд 108 тэрбум төгрөгийн зардал бууруулах, дүгнэлтүүд гарснаар тухайн компаниудтай бид харилцан ойлголцож, үр дүнд хүрч байлаа. Үндэсний аудитын газар, Аудитын тухай хуулиар Төрийн өмчит компаниудын санхүүгийн тайланд жил бүр аудит хийдэг. Түүнчлэн манай үйлдвэрийн газар Олон улсын аудитаар санхүүгийнхээ тайланг давхар хянуулах санал гаргаж ажилладаг. Ингэснээр нээлттэй компани болох, гаднын банк, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах үед зээлжих зэрэглэл хэр байгааг, мөн ямар чадамжтай компани болохыг Олон улсын аудиторуудын дүгнэлтүүдээс ажигладаг юм. Бид сүүлийн 3-4 жилд Олон улсын аудитын компаниар дүгнэлт гаргуулснаар дээр дурдсан асуудлуудад дэм болно. “Кэй Пи Эм Жи” 2024 оны санхүүгийн тайланд аудит хийх ажлын тайланг хоёрдугаар сард урьдчилсан байдлаар авч, одоо тулган баталгаажуулах ажил хийж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, бараа материалын үлдэгдэл, өмчийн хадгалалт хамгаалалт ямар байгаатай газар дээр нь үзэж танилцах юм” гэв.
БНСУ-ын “КПМЖ” компанийн партнер Жу Сан Ён: “Миний бие 2022 оноос “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүгийн тайлангийн аудитын багийг удирдан, гэрээт ажлын партнераар ажиллаж байна. Манай компани олон улсын байгууллагын бие даасан гишүүн бөгөөд Монгол Улсад нийт 180 гаруй мэргэжилтэнтэйгээр аудит, татвар болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны санхүүгийн тайлангийн аудитыг чанартай гүйцэтгэхээр бид аудитын ажлаа эхлүүлээд байна. Манай компани нь харилцагч байгууллагууддаа үнэ цэнийг өгөх практик, ойлгомжтой шийдэлд тулгуурласан аудит, татвар, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний мэргэжлийн сүлжээ байгууллагын гишүүн юм. “Кэй Пи Эм Жи” нь аливаа салбарын талаарх мэдлэг, туршлагадаа тулгуурлан олон талт цогц үйлчилгээг дэлхийн өнцөг булан бүрд ижил стандартын түвшинд хүргэж байна. “Кэй Пи Эм Жи” Монгол Улсад албан ёсоор өөрийн үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор 2012 онд Кэй Пи Эм Жи-ийн Монгол Улс дахь салбараа үүсгэн байгуулсан. Аудит, татвар болон зөвлөх үйлчилгээний бүхий л чиглэлийн цогц үйлчилгээг хүргэхээр олон улсын болон дотоодын чадварлаг багийг бүрдүүлэн, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай хамт олон Монгол Улсдаа тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болохын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, туршлагыг дотоодынхоо мэдлэг, туршлага, практиктай хослуулан ажилладаг. Бидний харилцагчдынхаа асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг байдал, үргэлж шилдэг нь байхын төлөөх тууштай байдал, дэлхийн хэмжээний сэтгэлгээ болон чанартай үйлчилгээг тууштай үзүүлж ирсэн явдал нь бидний бизнес, нэр хүндийн гол цөм болсон найдвартай харилцааг бий болгоход тусалдаг. Мөн олон улсад өрсөлдөхүйц өндөр түвшний чанартай, хараат бус аудитын үйлчилгээг үзүүлэхийн тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бодлого стандартыг дотоодын мэдлэг туршлага, практиктай хослуулан ажилладаг. Манай хараат бус аудит нь Эрдэнэт үйлдвэрийн итгэлтэй байдлыг нэмэгдүүлж, бизнесийг тогтвортой байлгахад оролцогч талуудын найдвартай итгэлийг бий болгоно” гэсэн юм.