Эрдэнэтээс цацрах ЭРДЭМ МЭДЛЭГИЙН гэрэл

Гэнэхэн насны өдлөөгүй ухаанд 
Уртхан юм шиг санагдаж байсан ч 
Гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг 
Энэхэн насандаа та бид мартахгүй ээ… 

Бидний үеийн залуус оюутан цагийн дурсамж сэргэхэд энэ дууг эрхгүй аялдаг. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиар ороход хос залуус хөтлөлцөн алхсан, инээд цалгисан, эрдэмд шамдсан гэгээн орчин биднийг угтлаа. 
Тэртээ 1975 онд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг бэлтгэх зорилгоор Сургалтын төв нэртэйгээр анх байгуулагдаж байсан “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль өнөөдөр “Сургалт – Үйлдвэрлэл - Эрдэм шинжилгээ” хосолсон боловсролын цогц байгууллага хэдийнээ болжээ. Зөвхөн уул уурхайн инженер, баяжуулагч, цахилгаанчин гэлтгүйгээр металлурги, авто инженерчлэл, барилгын инженерчлэл, хаягдал боловсруулах технологи зэрэг шинэ, эрэлттэй мэргэжлүүдийг 2+2, 1+3 хөтөлбөрөөр олгож, гадаадын түнш их, дээд сургуулиудтай хамтран, хос дипломтой төгсөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Суралцахуйг үйлдвэрлэлтэй уялдуулсан онцлог бүтэц
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Ахлах сургууль, Коосэн коллеж, Дээд боловсрол, мэргэжил олгох курс гэсэн дөрвөн шатлалаар мэргэжилтэн бэлтгэдэг. Энэ нь Монголд төдийлөн түгээмэл бус, харин дэлхийн хөгжингүй орнуудын туршлага дээр суурилсан боловсролын тогтолцоо юм. Сургалтын хөтөлбөр нь онолыг практиктай уялдуулж, оюутан сурагчдыг зөвхөн хичээлийн танхимд бус, бодит үйлдвэрлэл дээр, өөрийн гараар бүтээж, туршиж, хөгжиж сурахад чиглүүлдэг онцлогтой. 
“Эрдэнэ цогцолбор” дээд сургууль Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Орхон салбартай гурван жилийн өмнөөс нэгдсэнээр, инженер технологийн болон нийгмийн ухааны хоёр салбартай болж, 2025-2026 оны хичээлийн жилд 16 хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн ухааны салбар нь гадаад хэлний орчуулга, үйлдвэрлэлийн менежмент, санхүүгийн менежмент. Үндсэндээ нягтлан бодогч, менежментийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэнэ гэсэн үг. Харин инженер технологийн салбар нь уул уурхайн ашиглалтын технологи буюу Ил уурхайн ашиглалтын инженер, ашигт малтмал, баяжуулалтын технологи буюу баяжуулагч инженер, Цахилгаан системийн автоматжуулалт буюу цахилгааны инженер, Уул уурхайн машин тоног төхөөрөмж буюу механик инженер, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт буюу цахилгааны инженер зэрэг мэргэжлээр Монголын хөдөлмөрийн зах зээлд хүний нөөц бэлтгэж байна. Түүнээс гадна металлургич инженер бэлтгэх Металлурги, металлын технологи 2+2 хөтөлбөр хэрэгждэг. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ойрын хугацаанд, Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах учраас тэнд ажиллах хүний нөөцийг бэлтгэх хөтөлбөр юм. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн энэ мэргэжлийн эхний 20 төгсөгч ОХУ-ын Уралын их сургуульд хоёр жил суралцаад ирэх гэж байна. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Монголчуудын мөрөөдлийг биелүүлэх ирээдүйн мэргэжилтнүүд эхний хоёр жил “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд, сүүлийн хоёр жил ОХУ-д суралцаж, хос дипломтой төгсөх юм. Уралын их сургуульд суралцах бүхий л зардал, төлбөр, тэр ч бүү хэл амьжиргааны мөнгийг нь хүртэл Эрдэнэт үйлдвэр 100 хувь хариуцаж байна. Түүнээс гадна тус сургууль ШУТИС-тай хамтраад барилгын инженерийн 1+3 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нэг жил Эрдэнэтэд суралцаад, Улаанбаатар хотын ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд гурван жил суралцаж төгсөнө. Үүнийг Нийслэлийн болон өөр аймгийн сэргэлэн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтын 430 оноогоор орон нутгийн их, дээд сургуульд элсэж болох боломжийг овжин ашигладаг. Мөн ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай хамтарсан Механик инженерчлэл 1+3, банк санхүү 2+2 гэхчлэн нийт 16 хөтөлбөрөөр элсэн суралцаж, ШУТИС-ийн диплом өвөртлөх боломжийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль олгодог.


 

Оюутан Б.ЛХАГВАДОРЖ: 
-Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийг төгсөөд, 2022 онд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд автын инженер мэргэжлээр элсэн суралцсан. Миний хувьд Эрдэнэт үйлдвэрт ажиллах сонирхолтой учраас сайн суралцсан төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж олгодог нь маш их таалагдсан. Тухайн мэргэжлээрээ сурахын зэрэгцээ дэлхийн жишиг үйлдвэрт дадлага хийх боломжтой. Онолоор сурснаа үйлдвэр дээр бодитоор харчихдаг. Багш нартайгаа сургалт, эрдэм шинжилгээний ажил хамтарч хийж, ихийг сурдаг. ШУТИС-ийн “Эрдмийн чуулган-2025”-д орж түрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн парк шинэчлэлийн хүрээнд ирсэн “KOMATSU HD1500-8” маркийн автомашины тэвшний элэгдлийг судалсан юм. Манайд зөвхөн багш нар биш, Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай ажилтнууд ирж, хичээл заадаг нь амьдралд ойрхон, сонирхолтой байдаг. 


 

Оюутан Б.ӨГӨӨМӨР: 
-Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоноос ирж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Баяжуулалтын технологич мэргэжлээр дөрөв дэх жилдээ суралцаж байна. Эзэмших мэргэжлээ тодорхойлсны дараа элсэх сургуулиа их судалсан. Энэ сургуулийг сонгож суралцсандаа үргэлж сэтгэл хангалуун байдаг. Оюутан бидэнд олон давуу талыг олгодог. Би гэхэд дөрвөн жил захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдаад явж байна. Сайн суралцах тусам сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн хувь нэмэгддэг. Багш нар нь хүүхэд бүрд хүрч ажилладаг гэх үү дээ. Сургахын төлөө чин сэтгэлээсээ хичээдэг нь мэдрэгддэг. Дадлага хийх бааз суурь сайтай. Эхний жилүүдэд би Оюутны байранд амьдарсан. Үнэхээр тав тухтай. Багш, ажилчид нь найрсаг харилцаатай. Би ирээдүйн ажлын талбараа Эрдэнэт үйлдвэр гэж харж байгаа. Учир нь үнэлгээний голч нь 3.2-оос дээш дүнтэй төгсөгчдийг Эрдэнэт үйлдвэр ажлын байраар хангадаг. Мэдээж, эрдэм шинжилгээний хуралд оролцсон байдал, улсын чанартай тэмцээн уралдаанаас байр, шагнал эзэлсэн байх зэрэг тодорхой шалгуурууд бий. Үүнийг мэддэг учраас анхнаасаа хичээн суралцсан болохоор итгэлтэй байгаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2014 оноос үнэлгээний голч нь 3.2-оос дээш дүнтэй төгсөгчдөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж олгодог болсон. Одоогоор нийт 88 төгсөгч өөрийн мэдлэг чадвар, хичээл зүтгэлээр энэ боломжийг хүртэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж байна. Энэ жилээс үнэлгээний голч дүнг 3.4 болгон өсгөж, төгсөгчдийн чансааг улам дээшлүүлэхээр зорьж байгааг Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ ярилаа. 

Тус сургуулийн бас нэгэн давуу тал нь тохилог, дулаахан, саруулхан дотуур байртай. 92 хүүхдийн багтаамжтай дотуур байранд өнөөдөр Улаанбаатар, Дархан хотын болон Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ зэрэг аймгийн 70 гаруй хүүхэд амьдарч байна. 

Кембриджийн хөтөлбөртэй Ахлах сургууль
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дэргэдээ Кембриджийн хөтөлбөртэй Ахлах сургуультай. Жил бүрийн тавдугаар сард есдүгээр ангийн хүүхдүүдээс элсэлт авдаг. Инженер болох хүсэлтэй хүүхдүүдийн сонирхлыг соронзон мэт татдаг газар. Эднийх инженерийн чиг баримжаатай ахлах сургуулийн үйл ажиллагааг 20 дахь жилдээ явуулж байгаа бөгөөд Кембриджийн хөтөлбөрийн зөвшөөрлийг 2023 онд авчээ. Хүүхдүүд математик, физик, химийн хичээлийн мэдлэгээ шалгуулан, ярилцлагад орж тэнцсэн тохиолдолд элсэх эрхээ авдаг. Энд математик, физик, байгалийн ухаан, хими, биологи, англи хэлний хичээл түлхүү орж, инженерийн боловсролын суурийг тавьдаг байна. 
Бид хүүхдүүдтэй уулзаж явахад хоёр сурагч анхаарал татлаа. Ахлах сургуульд гурав дахь жилдээ суралцаж буй 11-р ангийн сурагчид. Цэгцтэй яриатай, ирмүүн, дэврүүн сэтгэлтэй ирээдүйн инженер А.Жавхлан, Х.Бегарыс хоёр “Робот” клубын гишүүд юм байна. Тэд робот угсарч, кодлоод, “Робокон” тэмцээнд оролцдог. “Эрдэнэт робот” чалленжид лего робот, сумо төрлөөр оролцож, хүрэл медаль хүртсэнээр амжилтын гараа нь эхэлжээ. Улсын чанартай тэмцээнд явахад сургуулиас дэмжлэг үзүүлдэг гэнэ. Х.Бегарыс автоматжуулалтын гарамгай инженер болохыг мөрөөддөг бол А.Жавхлан монголын хөдөө нутгийг сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэт технологиор гэрэлтүүлэх хүсэлтэй. Ийм л гал эрмэлзэл дүүрэн хүүхдүүд энд сурч байна. 
Жил бүрийн хавар 200 гаруй хүүхэд элсэхээр шалгалт өгч, мэдлэгээрээ шалгарсан хүүхдүүдээс нэг анги бүрдүүлж авдаг. Харин энэ жилээс хоёр бүлэг бүрдүүлэхээр төлөвлөн, элсэлтийн зараа бэлтгэж байхтай таарлаа. 


 

Оюутан Л.ЭРХШАГАЙ: 
-Би 2018 онд Улаанбаатар хотоос ирж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн лицейн 10-р ангид суралцсан. Тэр үед би 15 настай, энд эмээтэйгээ амьдардаг байлаа. Инженерийн боловсрол сайн эзэмшихийн тулд лицейгээс нь эхлээд ахисан түвшинд суралцах нь илүү үр дүнтэй гэж бодсон. Одоо Цахилгаан систем, автоматжуулалтын инженерийн ангийн гуравдугаар курсийн оюутан. Багаасаа сургуулийнхаа орчинд дассан, багш нараа сайн мэддэг учраас илүү өөриймсөг байж сайн суралцаж байгаа. Захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдсан. Хаврын голч дүн сайн байвал дараа жилийн сургалтын төлбөрөөс хөнгөлдөг. Бусад сургуулийг бодвол лабораторийн хүртээмж маш сайн. Багш нарын мэдлэг чадвар, харилцаа хандлага тун сайн. Сургуулийн зүгээс оюутнуудаа дэмждэг нь бас их таалагддаг. 

Хорин настай инженер болох боломж буюу Коосэн хөтөлбөр 
Механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, химийн инженерчлэл гэсэн гурван мэргэжлээр элсэлт авдаг Коосэн дэд хөтөлбөр. Япон сургалтын загвар. Энд ерөнхий эрдмийн хичээл үзэхээс гадна инженерийн боловсролын суурь хичээлүүд ордог онцлогтой. Товчхондоо бол 15 настай элсээд, 20 настай дэд бакалаврын зэрэгтэй инженер болох юм. Цаг хугацаа хэмнэх, япон хэл сурах хүсэлтэй, ирээдүйгээ илүү тодорхой харсан хүүхдүүд энд суралцдаг. 
Коосэн коллежийн Механикийн ангийн хоёрдугаар курсийн оюутан Б.ЭНХ-АМГАЛАН: 
-Би Эрдэнэт хотын VIII сургуулийг төгссөн. Коосэн коллежийг сонгосон гол шалтгаан бол инженер болох багын мөрөөдөлтэй минь холбоотой. Коосэн хөтөлбөр 9-р анги төгссөн, 15 настай хүүхдүүдийг элсүүлэн авч, таван жилийн хугацаанд дэд бакалаврын зэрэгтэй инженер болгон бэлтгэдэг. Түүнээс гадна бүрэн дунд боловсролтой төгсдөг нь том давуу тал. Математик, физик, хими зэрэг инженерийн суурь хичээлүүдтэй зэрэгцээд япон хэл өндөр түвшинд заадаг. Зөвхөн хэл сураад зогсохгүй, Японы соёл, амьдралын хэв маягийг ч таньж мэддэг. Жил бүрийн 7, 12-р сард япон хэлний түвшин тогтоох шалгалт өгч, N3 буюу түүнээс дээш түвшинд хүрвэл сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй. Мэдээж, сурагчийн ирц, хичээл зүтгэл, голч дүн, хичээлээс гадуурх оролцоо чухал. Манай багш нар мэдлэг туршлагатай, оюутнууд ч зорилготой болохоор хамт суралцах уур амьсгал эерэг, эрч хүчтэй байдаг. Цаг хугацаа хэмнэж, зорилгодоо шууд хүрэх боломж олгодог Коосэн бол миний хамгийн зөв сонголт гэж хэлнэ.

ШУТИС-д хэрэгжиж буй дөрвөн Коосэн хөтөлбөр нэгдсэн журмаар, цахимаар бүртгэлээ авч, шалгалтаа ирэх зургаадугаар сард зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь оюутнуудынхаа сурч боловсрох нөхцөлийг дэмжих, тэднийг санхүүгийн дарамтгүйгээр амжилттай суралцах боломжоор хангахад онцгойлон анхаардаг. Энэ хүрээнд тус сургууль төрийн болон төрийн бус байгууллагуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж, төрөл бүрийн тэтгэлэг, хөнгөлөлтийг олгодог нь бахархалтай. Элсэлтийн ерөнхий шалгалтаар хамгийн өндөр оноо авсан оюутнуудад зориулсан тэтгэлгээс эхлээд, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдийн холбоо, Ш.Отгонбилэг агсны нэрэмжит “Монгол 21” сан, Капитрон банк, Ерөнхий захирлын нэрэмжит тэтгэлгүүд гээд оюутнуудад нээлттэй олон боломж бий. Хоёр улирал дараалан сайн суралцвал сургалтын төлбөрийн 30 хувь, дөрвөн улирал дараалан онц сурвал 60 хувь, зургаа ба түүнээс дээш улирал дараалан амжилттай суралцвал 100 хувийн тэтгэлэг олгодог байх жишээтэй. Орон нутгийн зүгээс ч энэ чиглэлд идэвхтэй оролцож, оюутнуудаа дэмждэг байна. Булган аймаг тус сургуульд элсэгчдэдээ эхний жилийн сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг бол, Орхон аймгийн Баян-Өндөр сум ЭЕШ-ын босго оноо 500-аас дээш авсан 50 оюутанд тус бүр 2.5 сая төгрөгийн тэтгэлэг олгож байна. Цаашид Орхон аймаг, Жаргалант сум, Хөвсгөл болон Дархан-Уул аймгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж буй нь оюутны хөгжилд илүү өргөн боломжуудыг нээж өгнө. 

Түүнчлэн, оюутнууд “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамрагдан, багшийн туслах, спорт заалны ажилтан, өлгүүрчээр ажиллан, өөрийн орлоготой болох боломжтой. Харин багш нарын хувьд 50 саяас дээш төгрөгийн төсөвтэй судалгааны төсөл хэрэгжүүлэхдээ оюутнуудаа хамруулж, тэдний сургалтын төлбөрөөс хөнгөлөх зэргээр мэдлэг, боломжийн хослолыг бодитоор бий болгож байна.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль найман хөтөлбөрөө үндэсний хэмжээнд амжилттай магадлан итгэмжлүүлсэн нь сургалтын чанар, нэр хүндийг илтгэх. Энэ нь эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудад буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл, 15 жилээс дээш ажилласан багшийн хүүхдийг үнэ төлбөргүй суралцуулах зэрэг онцгой хөнгөлөлт, боломжуудыг нээж өгдөг. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль үйлдвэрийнхээ ажилчдын мэргэжлийн зэргийг ахиулах, иргэдэд курсээр мэргэжил олгох нийгмийн хариуцлагаа тууштай хэрэгжүүлсээр ирсэн. 12 дугаар анги төгссөн хэн бүхэнд гурван сарын хугацаанд суралцан цахилгааны инженер, тоног төхөөрөмжийн засварчин, өргөх, тээвэрлэх машин механизмын оператор, бульдозерын машинч зэрэг эрэлттэй мэргэжлээр үнэмлэхтэй төгсөх боломж нээлттэй. Энэ нь өнөөдөр амьдралын шинэ зам мөрөө эрэлхийлж буй олон залуусын хувьд алтан боломж. Мөн олон улсын жишигт нийцсэн Гагнуурын олон улсын төв нь анхан шатны гагнуураас эхлээд олон улсын зэрэгтэй, өндөр ур чадвартай мэргэшсэн гагнуурчдыг бэлтгэж буй нь Монгол Улсын хэмжээнд ихээхэн эрэлттэй боловсон хүчний хэрэгцээг бодитоор хангаж байгаа нэг жишээ юм. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль зөвхөн мэдлэг дамжуулж, диплом олгодог боловсролын энгийн нэгэн байгууллага биш, ирээдүй өөд тэмүүлсэн, залуусын амьдралын чиг баримжаа, хөгжлийн гүүр болсон итгэл найдварын тод гэрэл юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.ДОРЖПҮРЭВ: Бүжиглэснээр хүн эрүүл аж төрдөг
П.Баянмөнх: Нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх суурь болдог
О.ОТГОНБАЯР: Стандарт хэрэгжүүлэх нь нийт хамт олны оролцоо шаардсан шинэчлэл
Л.АРИУНБОЛД: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий
Б.Энхтүвшин: Сэтгэл тайван байх нь ажлын амжилтад шууд нөлөөлдөг
М.МӨНХБАЯР: радио холбооны тоон системийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ
Эрдэнэт үйлдвэрийн 58 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулсан хуульч
К.ЕЛЕНА: Өөрийнхөө уураг тархины шагнал урамшууллын системээр бүү тоглооч…
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %