Эрдэнэт үйлдвэрийн "Сэлэнгэ" амралт, аялал жуулчлалын цогцолборын дэргэдэх "Найрамдлын Эрдэнэс" хүүхдийн зуслан амрагч хүүхдүүдээ хүлээн авах бэлтгэлээ хангахаар Ажлын хэсэг анхны хуралдаанаа газар дээр нь хийлээ. Энэхүү хуралдааныг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Д.Эрдэнэбат удирдаж, зуслангийн үйл ажиллагаа явуулахад холбогдол бүхий бүтцийн бүх нэгжийн удирдлагууд оролцов. Тэд зуслангийн бэлтгэл ажлын хүрээнд эрчим хүч, усан хангамж, барилга байгууламжийн засвар шинэчлэл, худалдан авалт, ханган нийлүүлэлт, хүний нөөцийн бүрдүүлэлт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, галын аюулаас болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
Ус хангамжийн цех цэвэр ус хангамж, бохир усны асуудлыг нягталсан мэдээллээ хүргээд, усны чанарт тавих хяналт, шугамын засвар үйлчилгээ цаг хугацаандаа хийгдэж явааг онцолсон. Харин ХАБЭА-н хэлтсээс зуслангийн ойр орчим өнжмөл өвс их байгаагаас үүдэн гал гарах эрсдэлтэйг анхааруулж, галын хор цэнэглэх, амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хяналтын камерт саад учруулахгүй байх үүднээс өрөөнүүдийн хаалгыг дотогш нээгдэх зохион байгуулалттай болгох зэрэг зөвлөмж өглөө. Мөн хуралдаанаас худалдан авалт, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудалд онцгойлон анхаарч, яаралтай шаардлагатай бүтээгдэхүүний жагсаалт гаргах, зуслан эхлэхээс өмнө агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийг угсарч, суурилуулах, түр ажиллах гэрээгээр хүний нөөц бүрдүүлж, тэднийг галын сургуулилт болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, тээвэрлэлтийн хуваарь батлуулах шийдвэр гарав. Түүнээс гадна хүүхдийн хоолонд зоорины мах ашиглахгүй, шинэ бүтээгдэхүүнээр үйлчлэх, ясыг 24 цаг чанаж шөл гаргах зэрэг хоолны технологийн нарийн зөвлөмж ч энд яригдсан.
Энэ жилийн хувьд зуслангийн барилга байгууламж болон гадна талбайн засвар, тохижилтод 33 сая, дотор гэрэлтүүлэгт 11 сая төгрөгийн зардал гаргахаар тусгасан бөгөөд нийт бэлтгэл ажлын хүрээнд 500 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Эрдэнэт үйлдвэрийн "Найрамдлын Эрдэнэс" зуслан нэг ээлжиндээ 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд зуны турш найман ээлжээр ажиллаж, хүүхэд багачуудад аюулгүй, тав тухтай орчинд амрах, хөгжилтэй, танин мэдэхүйн хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг бүрдүүлдэг. Энэ жилийн хувьд ч үйлдвэрийн хамт олон бэлтгэл ажлаа чанартай, бүрэн хангаж, хүүхэд бүрийн инээд, дурсамжаар дүүрэн зун болж өнгөрөхөд анхааран ажиллаж байна.