Үйлдвэрлэлд санаачилга маш чухал. Тэр утгаараа баялаг бүтээгчид хэрэгтэй санаа, хийцтэй бүтээлч санаачилгыг үргэлж эрэлхийлдэг. Эрлийн үзүүрт олз гэдэгчлэн урт удаан хугацаанд судалж шинжилж, туршиж шалгасан оролдлого, ажил хэрэгч санал үр өгөөжөө өгч, үйлдвэрлэлийн шилдэг технологи болон нутагших нь олонтаа. Ийм төслүүдийн нэг нь Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийнхний хэрэгжүүлж буй дээрх “Аюултай хог хаягдлын зардлыг бууруулж, хэмнэлт гаргах нь” төсөл болжээ. Эхлүүлж туршсан түүх нь “даруухан” ч үр ашиг, цар хүрээ нь том эл төслийг энэ удаа танилцуулж байна.
Зорилго нь тод шинэ санаа
Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл явцаас гарах хог хаягдал, тэр тусмаа аюултай ангилалд багтдаг химийн бодисын хуванцар сав, шуудайг хаяхдаа зардал хэмнэж болно гэдэг нь тус хэсгийн урвалж уусгагч У.Бат-Эрдэнийн туршлага, ажилдаа гаршсан чадвараас төрсөн санаа. Хог хаяхдаа зардал хэмнэж, ухаалаг ажиллах боломжийг бүрдүүлэх энэхүү шилдэг санал санаачилгыг хэсгийн хамт олон нь дэмжин дэлгэрүүлж, Урвалжийн хэсгийн байрандаа бүтээмж чанарын “Уусгагч”, “Засварчин” дугуйлангаа түшиглэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Санаа төрөхдөө зорилго нь хамт тодорхойлогдсон уг төслийг бодит болгох төслөө 23 сая төгрөгийн зардал гаргаж, 192 сая төгрөгийн үр ашиг олохоор тооцоолов. Ингэхдээ урвалжийн сав, баглаа боодлын овор хэмжээг багасгах техник зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлж, тээвэрлэлтийн зардал бууруулах, үйлдвэрлэлд дахин ашиглаж хэмнэлт гаргах, химийн хортой хог хаягдлын устгалд оруулах процессыг сайжруулж хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг зорилготойгоор төслөө боловсруулан, биелүүлжээ.
Өмнө нь...
Баяжуулах үйлдвэрлэлийн процесст ашигладаг химийн урвалжаас хаягдаж байгаа 1 тонны сав болон хаягдал Na2S-ийн уутыг Улаанбаатар хотод байрлах хаягдал устгах үйлдвэрт хүлээлгэн өгч устгалд оруулдаг. Тээврийн болон устгах бүхий л зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцаж байна. Хаягдал хуванцар сав, уутыг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэх хүртэлх явцыг тодорхойлж хэлбэл өмнө нь уусгалтаас гарсан саваа халуун усаар угааж, хоосон сав хадгалах талбайд хураадаг байв. Овор хэмжээ ихтэй хаягдал сав үйлдвэрийн бүсэд багагүй зай эзэлж, энд хураахад олон цагийн хөдөлмөр ч зарцуулагдана. Ингэсний эцэст машинд ачина. Мөн хаягдал уутыг гараар багцалж боодог учир сийрэг, нягтаршил бага зэргээс шалтгаалан 20 тонны даацтай ачааны автомашинд ердөө л хоёр тонн уут ачигдаад дүүрдэг байж...
Энэ бүхнээс үүдэн, даралтын пресслэгчээр шахаж багцалснаар уутны овор хэмжээг 50 хувь бууруулах, нэг тонны багтаамжтай кубик савны хамгаалалтын бүрхүүл төмөр болон суурийн металл тавиурыг салган авч хуванцар хэсгийг тасдаж, овор хэмжээг 50-70 хувь багасгах.
Хамгаалалтын бүрхүүл сараалжин төмрийг ашиглаж хаягдлын аж ахуйн хаягдлын сан тойрсон хамгаалалтын хашааг шинэчлэх. Ингэснээр хашаа шинэчлэх материалын зардлыг хэмнэх, хаягдлын сан руу мал, амьтан орохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг дээшлүүлэх.
Монгол Улсын хилээр экспортолж байгаа бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ модон материалаар хийсэн тавиур ашиглах нь хориотой байдаг. Эрдэнэт үйлдвэрийн хувьд молибденын баяжмал тээвэрлэхэд хуванцар тавиур ашигладаг бөгөөд нэг тонны савны суурийн металл тавиурыг молибден тээвэрлэхэд ашигласнаар хуванцар тавиур худалдан авах зардал хэмнэх, тавиурын нийлүүлэлтээс шалтгаалсан хүндрэлээс сэргийлэх.
Аюултай хог хаягдлыг устгалд оруулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах, ачих үйл ажиллагааны зохион байгуулалт зэргээс шалтгаалан сав, баглаа боодлыг тодорхой хугацаанд тогтмол ачих боломжгүй байдаг учир хэсгийн агуулах, талбайд их хэмжээгээр хуримтлагддаг. Овор хэмжээг багасгаснаар агуулах, талбайн ашиглалт сайжрах. Ийм олон талын хэрэгцээ шаардлагууд эл төслийг хэрэгжүүлэх шалтгаан, ач холбогдол, боломж бололцоог тодорхойлж байв.
Дараа нь...
Урвалжийн хэсгийнхний төсөл найман сарын турш тасралтгүй хэрэгжиж, зорилгоо биелүүлж чаджээ. Одоо хаягдал хуванцар савны овор хэмжээг багасгаж, жижиглэснээр Улаанбаатар хот руу тээвэрлэх зардлыг дөрөв дахин багасгав. Өөрөөр хэлбэл, 4-5 удаагийн ачилтыг нэг болгожээ. Энэ хэрээр зардал, хүн цагийн өндөр хэмнэлт гарч байна. Хаягдал уут, шуудайг гараараа боож, нэг машинд 2.3 тонныг л ачдаг байсан бол пресслэгчээр шахаж, суурь ашиглан нэг машинд 7.8 тонн уут багтаах болжээ. Жилд 800 ширхгийг худалдан авч Шүүн хатаах хэсэгт ашигладаг байсан хуванцар суурийг нэг тонны хаягдал савны төмөр сууриар орлуулдаг болов. Ингэснээр нэг бүр нь 180 мянган төгрөгийн үнэтэй хуванцар суурь худалдаж авах зардлыг шууд хэмнэх боломж бүрдлээ.
Шийдлүүд
П.Мөнхбаатар даргатай Урвалжийн хэсгийнхэн “Аюултай хог хаягдлын зардлыг бууруулж, хэмнэлт гаргах” төслийн бүх шийдлийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан гүйцэтгэжээ. Хуванцар савны хэмжээг зүсэж багасгах төхөөрөмжийг цехийн Цахилгаан механикийн алба, Засварын хэсэгтэй хамтран хийв.
Энэхүү 1 м3 хуванцар савыг жижиг хэсэг болгон хуваах суурь хөрөөг ашиглахад хялбар, эвдрэл багатай гээд олон давуу талыг шингээсэн ажлын багаж хэрэгсэл болсон. Эл төхөөрөмж нь хуванцар савны овор хэмжээг 3-5 дахин багасгадаг гэсэн үг.
Сайн санал, санаачилга үйлдвэрлэлд, бүтээмжид ямар сайн нөлөөлдгийг, үр дүнтэй хэрэгжүүлж чадвал өгөөж тус нь ямар арвин байдгийг Урвалжийн хэсгийнхний хог хаягдлаас хэмнэсэн дээрх жишиг тодоос тод нотолж байна.