Энэхүү төсөл хэрэгжсэнээр нэг талаас Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ГИААН)-ийн дөрвөн багц, 29 шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган, дотоод хяналтаа сайжруулан, эрсдэлийг бууруулж, хууль сахилтын түвшнийг дээшлүүлэх, итгэмжлэлийн хүрээнд Дэлхийн Худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Дэлхийн Гаалийн байгууллагын Бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын гурван багц, 28 стандартын шаардлагыг хангах, нөгөө талаас Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, журмын дагуу хөнгөлөлтүүдийг бүрэн эдлэх нөхцөл бүрджээ. Тухайлбал, өнгөрсөн оноос эхлэн тохирлын гэрчилгээний нэгжийн үнэ гурав дахин нэмэгдэж, 120,000 төгрөгт хүрч, зэсийн баяжмалын 500 тн тутамд нэг тохирлын гэрчилгээ олгох болсноор тоо хэмжээ, хөдөлмөр зарцуулалт ес дахин нэмэгдэж, нийт зардлыг 10 дахин нэмэгдүүлсэн тул тохирлын гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түүний оронд Гаалийн магадлан шинжилгээний дүгнэлт, эсвэл Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторийн химийн сорил шинжилгээний үр дүнг орлуулан хэрэглэснээр нэг жилд 195.0 гаруй сая төгрөгийн зардал хэмнэх боломжийг бүрдүүлэхийн тулд үйлдвэрийн газрын удирдлага, холбогдох төрийн байгууллагуудад албан бичгээр хандсан бөгөөд хууль тогтоомж, тогтоол, шийдвэр, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.
Мөн баяжмалын дээжид хортой элементүүдийн агуулга тодорхойлох химийн шинжилгээг БНХАУ-ын CCIC Co.,Ltd компаниар 2016 оноос эхлэн гүйцэтгүүлсэн есөн жилийн судалгаанд үндэслэн, зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.0-133.8 дахин бага болохыг тогтоож, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7.4, 7.7 дахь заалтын дагуу эрсдэлгүй нь тогтоогдсон барааг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхэд хортой элемент тодорхойлсон химийн шинжилгээний үр дүн шаардахгүйгээр нэвтрүүлэхийг Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороогоор дамжуулан БНХАУ-ын талд санал хүргүүлснээр ГИААН-ээс экспортолж буй баяжмалын нэг жилд зарцуулах экспортын зардлыг 626,604.00 ам.доллароор хэмнэх боломж бүрдээд байна.
Түүнчлэн, Гаалийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, гаальд баяжмалыг мэдүүлэх үйл ажиллагаанд хийгддэг гар ажилбар, гаалийн мэдүүлэгт хийгдэх дотоод хяналтыг автоматжуулснаар өдөрт дунджаар 30-40 мэдүүлгийг Гаалийн мэдээллийн нэгдсэн санд шивж, хянадаг байсан бол төсөл хэрэгжсэнээр өдөрт дунджаар 300-400 мэдүүлэг шивж, хянах боломж бүрдсэн. Өмнө нь гаалийн харилцааны албанаас дотоод хяналтыг явуулахад цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалт их шаарддаг тул түүвэрлэн хянадаг байсан. Улмаар дотоод хяналтын үйл ажиллагааг автоматжуулж, гаалийн үйлчилгээний gaali.mn цахим порталд байгаа мэдээллийг татан авч, статистик, логик функцүүд ашиглан холбосноор 20-30 секундын дотор ГМНС-д шивсэн 20,000 орчим мэдүүлгийг хянаж, дотоод хяналтын хүснэгтэд харьцуулалт хийж, алдааг автоматаар илрүүлж, цаг алдалгүй залруулах боломж бүрдсэн байна.
Энэхүү төслийн ач холбогдлын талаар Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын Гаалийн харилцааны албаны дарга Ц.Мөнхболдоос тодруулахад:
“Миний бие ГХА-ны даргаар томилогдоод гаалийн экспорт, импортын үйл ажиллагаатай танилцахад ГИААН-ийн дөрвөн багц, 29 шалгуур үзүүлэлтүүдийг 95 хувиас дээш үнэлгээтэй хангасан хэдий ч гаалийн харилцаанд оролцогчдын ажлын уялдаа тааруу, процессын зураглал тодорхой бус байгаа нь томоохон эрсдэлийг дагуулж байсан. Иймд хамгийн түрүүнд гаалийн харилцаанд оролцогчидтой хамтарсан уулзалт зохион байгуулж, санал бодлыг нь сонсон, дүн шинжилгээ хийж, процессын зураглал хийх явцад микро түвшинд гурван асуудал, макро түвшинд гурван асуудал тулгамдаж байгааг илрүүлсэн. Микро түвшинд дараах гурван асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд:
-Гаалийн мэдээллийн нэгдсэн сан (ГМНС) үүсгэж, гаалийн харилцаанд оролцогчдыг нэг эх үүсвэрээс үнэн зөв, бодитой мэдээллээр хангах, хүний оролцоог багасгаж, шаардлагатай мэдээллийг автоматжуулснаар хөдөлмөр зарцуулалт багасаж, дотоод хяналт сайжрах нөхцөл бүрдсэн.
-ГМНС үүсгэснээр баяжмалыг гаальд мэдүүлэхэд үйлдвэрийн газрын дотоодод ашигладаг Асу-Коммерз, Асу-ЖДЦ, Асу-ОКК программаас хуулах, шивэхэд гардаг алдаа 2024 онд нийт мэдүүлгийн 0.5 хувьд хүрч, 2021 онтой харьцуулахад бараг хоёр дахин буурч, дотоод хяналт сайжирсан.
-Гаальд барааг мэдүүлэхтэй холбоотой гар ажиллагааг автоматжуулж, статистик, логик функцүүдийг ашигласнаар хөдөлмөр зарцуулалт багасахаас гадна хөдөлмөрийн бүтээмж 10 дахин дээшилж, алдаа гарах эрсдэлийг боломжит доод хэмжээнд хүргэснээр мэдээллийн үнэн зөв, бодитой байх зарчим хангагдсан.
-Макро түвшинд дараах гурван асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд:
-Хэн ч, хаана ч хэрэглэдэггүй тохирлын гэрчилгээг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Төрийн бүтээмжийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгод нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлж, цаасны хэрэглээ, хөдөлмөр зарцуулалтыг ес дахин, нийт зардлыг 10 дахин бууруулж, нэг жилд дунджаар 195.0 орчим сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн.
-БНХАУ-ын хилээр баяжмалыг нэвтрүүлэхэд 2016 оноос эхлэн хортой элементүүд тодорхойлсон химийн шинжилгээний үр дүн шаарддаг бөгөөд нэг жилд дунджаар 620.0-630.0 мянган ам.доллар зарцуулж байсан. Сүүлийн есөн жилийн хортой элемент тодорхойлсон химийн шинжилгээний үр дүнд үндэслэн, судалгаа хийж үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс 3.0-133.8 дахин бага байсан тул Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороонд хандан Дэлхийн худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7.4, 7.7 дахь заалтын дагуу дээрх хэлэлцээрт нэгдэн орж, харилцан хүлээн зөвшөөрсөн улс орнуудын хилээр эрсдэлгүй нь тогтоогдсон барааг хилээр нэвтрүүлэхэд учирч буй техникийн болон горимын саадыг арилгаж, хортой элементүүд тодорхойлсон химийн шинжилгээний үр дүн шаардахгүй нэвтрүүлэх хүсэлтийг хүргүүлснээр судалгааны ажил хийгдэж байна.
-Баяжмалыг экспортлоход өмнөх сарын ачилтаас дээж авч, ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори (ГТЛ)-д хүргүүлэн химийн шинжилгээнд хамруулан гаалийн магадлан шинжилгээний дүгнэлт (ГМШД) гаргуулж, уг дүгнэлтийн дагуу баяжмалыг гаальд мэдүүлж, АМНАТ ногдуулдаг. Гэтэл 2023-2024 онд экспортод ачуулсан баяжмалын дээжид тодорхойлсон чийглэг, үндсэн болон дагалдах элементүүдийн агуулгаар ГМШД, ЧХХ-ийн ХТЛ-ийн химийн сорил шинжилгээний үр дүнг харьцуулж, регрессийн шинжилгээ хийхэд хоёр лабораторийн химийн шинжилгээний үр дүнгийн хамаарал 0.27 буюу 30 хувь ч хүрэхгүй байсан. Энэ үзүүлэлт 0.9-1.0 интервалд байх тусам үл тохирол бага гэж үздэг.
-Дээрх харьцуулалт, регрессийн шинжилгээний үр дүнг үйлдвэрийн газрын болон ГЕГ-ын удирдлагад албан бичгээр хүргүүлэн танилцуулж, ГТЛ нь ISO 10251 стандартын дагуу 6 хувиас дээш агуулгатай баяжмалд чийглэг тодорхойлохдоо дээж авсан газарт чийглэгийг параллель тодорхойлох бөгөөд зөвшөөрөгдөх хэлбэлзэл ±0.2 хувь байхыг зөвшөөрдөг боловч ГТЛ-ийн ГМШД-д тусгагдсан чийглэгийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт зөрүүтэй болсноор хуурай жингээс тодорхойлдог үндсэн болон дагалдах элементүүдийн агуулгаар үл тохирол маш их гардгийг танилцуулсан.
-ГТЛ нь баяжмалын дээжид чийглэг тодорхойлохдоо 2024 оны 12 дугаар сараас эхлэн ISO 10251 стандартын шаардлагад нийцүүлснээр үл тохирол эрс буурч, ЧХХ-ийн ХТЛ-ийн химийн сорил шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх боломж бүрдэж байна. Гаалийн харилцааны алба байгуулагдсанаар үйлдвэрийн газрын гаалийн экспорт, импортын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгснөөр дээрх үр дүнгүүд гарч эхэллээ” хэмээн онцлов.