Ж.Мөнгөншагай: Үйлдвэрийн захиргаа Цалин, хөлсний багц журмуудыг сайжруулж, өөрчлөх ҮЭХ-ны саналыг хүлээн авч, шийдвэрлэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн А/112 тоот тушаалаар “Цалин хөлсний багц журмууд”-ыг шинэчлэн баталсан юм. Үүнтэй холбогдуулан тус үйлдвэрийн ҮЭ-ийн холбооны дарга Ж.Мөнгөншагайтай ярилцлаа. 

-Саяхан Эрдэнэт үйлдвэрийн “Цалин хөлсний багц журмууд” шинэчлэгдэж, хэрэгжиж эхэллээ. Журамд хэд хэдэн зүйл заалтыг сайжруулж, өөрчлөх саналыг ҮЭ-ийн холбооны зүгээс тавьсан. Эдгээр саналууд хэр тусгагдсан бэ? 
-Цалин хөлс олгох журамтай холбоотойгоор ҮЭ-ийн холбооноос нэлээд олон чиглэлээр санал гаргасан. Энэ бүх саналыг үйлдвэрийн захиргаа хүлээн авч, “Цалин хөлс, олговрын тухай журам”-д өөрчлөлт оруулж, шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл зарим заалтуудын нөхцөлийг сайжруулан өөрчилж, илүү тодорхой болгож өгсөн. Холбогдох хууль дүрэмд нарийвчлан заагдаагүй өөрчлөлтүүдийг ажил олгогч тал, ҮЭ-ийн холбооны саналаар оруулж, тусгаж өгснөөрөө илүү онцлогтой гэж хэлмээр байна. Бас ач холбогдолтой, ажилтнуудад таатай журам болсон. Олон заалт өөрчлөгдсөн ч тодорхой хэдэн жишээ ярья. Өмнө нь энэ журмаар ажилтнуудын 13 дахь сарын цалинг тооцохдоо ээлжийн амралтын хоногуудыг нэмээд, тэр дүнгээсээ хасдаг байсан. Шинэ заалтаар бол ингэж нэмж, хасахгүй. Өөрөөр хэлбэл ээлжийн амралтын хоногийг хасаж бодно. Ингэхээр 13 дахь сарын цалин өсөж бодогдоно гэсэн үг. Нөгөө нэг заалтад откул буюу илүү цагаар ажилласан тохиолдолд нөхөж амраахдаа цалин хөлсийг тооцох аргачлалыг өөрчилсөн. Өмнө нь энэ тун ойлгомжгүй, тодорхойгүй заалт байсан. Тухайлбал, гэртээ амарч байгаа ажилтныг дуудаж, 8 цаг шөнийн ээлжинд ажиллуулаад, 8 цагаар л нөхөж амраадаг байсныг илүү нарийвчлан зохицуулж өглөө. Ингэхдээ илүү цагийг 1.5-2.0 хувиар үржүүлж тооцдог болж байна. Жишээ нь долоо хоногийн амралтын өдрүүд буюу бямба, ням гараг, ердийн ажлын өдөр илүү цагаар ажилласан тохиолдолд 1.5 хувиар, нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллавал илүү цагийг 2.0 хувиар үржүүлэн нэмж амраахаар болсон гэсэн үг. Энэ бол нөхөж амраах цагийн зохицуулалт. Мэдээж, нөхөж амраахгүй тохиолдолд илүү цаг ажилласан хөлсийг хуульд зааснаар олгоно. Бас нэг чухал өөрчлөлт нь ажилтнуудын илүү цагийн дундаж цалин хөлсний хэмжээг тодорхой тусгаж, баталгаажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл, шөнийн ээлжийн илүү цагийн хөлс гэх мэтчилэн илүү тодорхой зааж, журамласан нь өндөр ач холбогдолтой боллоо. 
-ҮЭ-ийн холбооны 2025 оны гол зорилт юу вэ? Энэ жил анхаарлаа юунд хандуулах вэ?
-Хамгийн чухал зүйл бол ажилчдын хувь хүний хөгжил гэж харсан. Тиймээс бид 2025 онд олон хэлбэрийн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр дундаа ажилтнуудын сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, гэр бүл рүү чиглэсэн сургалтыг голчлон явуулна. Ийм сэдвийг онцолж байгаа нь учиртай. Яагаад гэвэл, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дунд хийсэн мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар сэтгэл зүйн хувьд цочролтой байх магадлал цөөнгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс энэ чиглэлээр Сэтгэцийн эрүүл мэндийн төвтэй хамтран цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Мөн ажилтнуудаа эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэг нэмэхэд зориулсан сургалтад хамруулна.  Мэдээж, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ХАБЭА-н хэлтэс, “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон бусад холбогдох нэгжтэй хамтран ажиллана. Тухайлбал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн багцыг ажилтнууд биш эрүүл мэндийн зөвлөгөөтэй хамт эмчээр нь сонголт хийлгэдэг болох санал гаргаж байгаа. Түүнчлэн, эрүүл мэндийн үзлэгийн багцын талаар сайн ойлгуулж, мэдээлэл өгөх, сурталчлах ажлыг зохион байгуулна. Энэ жил үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулан хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ”-г дүгнэж, шинэчилнэ. Үүнд өргөн хүрээнд, нэлээд нухацтай, ул суурьтай судалгаа, дүгнэлтэд түшиглэн боловсруулж, батлах зорилт тавьж байна. Өөрөөр хэлбэл, ажилтан бүрд чиглэсэн таатай нөхцөл бүхий гэрээ байгуулан, хэрэгжүүлнэ. 
-Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага үүссэн гэж хэллээ. Үүнийг тодруулж болох уу?
-Мэргэжлийн байгууллагуудын судалгааны дүгнэлт, үр дүнгээр Эрдэнэт үйлдвэрт ажилтнуудынхаа сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгцээ бий болсон байна гэж үзээд дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд үйлдвэрт Сэтгэцийн эрүүл мэндийн их эмч ажилладаг боллоо. Шаардлага яагаад үүссэн бэ гэхээр манай ажилтнуудын дунд мөрийтэй тоглоомд донтох үзэгдэл элбэгшсэн. Судалгаагаар ч тогтоогдсон. Өмнө нь бид мөрийтэй тоглоом тоглохыг хорт зуршил гэж үздэг байсан бол одоо сэтгэцэд нөлөөлдөг өвчин гэж хэлэхүйц хэмжээнд хүрснийг эмч нар хэлж байгаа. Тиймээс бид энэ чиглэлийн мэргэжлийн эмч нартай хамтран сургалт явуулж байна. Учир нь яг энэ чиглэлээр мэргэшсэн эмч нар сургалтаа явуулахын зэрэгцээ эмчлэх арга замыг нь давхар зааж өгч байна. Одоогоор манай энэ сургалтад 700-1000 хүн хамрагдаад байна. Сургалтад хамрагдсан ажилтнуудаас дор хаяж 10 хүн донтолтоос гарах, улмаар эдгээр хүмүүс ойр тойрныхондоо бага ч гэсэн нөлөөлөх, нэгэнт донтсон бол мэргэжлийн эмчид хандахыг зөвлөх гэх зэргээр үр дүн гараасай гэсэн зорилгоор олон дахин хийхээр зорьж байгаа юм. 
-ҮЭ-ийн холбооны үндсэн үүрэг бол ажилтан хүний ажиллах, хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах. Энэ утгаар нь ч ажилчид хөдөлмөрийн нөхцөл, боломжийн талаар ханддаг. Ер нь тэдний тавьж буй санал хүсэлтэд ямар асуудал зонхилж байна. Хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Мэдээж, ажилчдын халуун хоол, хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны талаар хүсэлт их ирүүлдэг. Манай ҮЭ-ийн холбооноос барьж буй бодлого гэвэл эдгээр асуудлыг үндсээр нь өөрчилж, цогцоор нь шийдье гэж зорьж байна. Энэ хүрээнд ҮЭ-ийн холбоо болон цех, нэгжийн хороодын дарга зэрэг таван хүнийг А3 сертификаттай болгож, хоол, хор саармагжуулах бүтээгдэхүүн, хувцас хамгаалах хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалтад оролцож эхлээд байна. Энэ нь хяналт тавих, нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг ажилтнуудад илүү тааламжтай байлгах боломжийг тендерийн үнэлгээний хорооны гишүүдээр дамжуулан өгөх зорилготой юм. Нөгөө талаар, үйлдвэрийн хэмжээнд даатгалын цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 7000 ажилтныг бүгдийг хамруулах даатгалын систем гэсэн үг. Ингэснээр даатгалаар дамжуулан ажилтнуудад тулгарах эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Энэ ажлыг ажил олгогчтой хамтран “Хамтын гэрээ”-нд тусгаад, хэрэгжүүлэхийг зорьж байна. Одоо даатгалын цогц бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой тендер шалгаруулалт явагдаж байгаа. Ийм даатгалын цогц систем нэвтрэхээр ажилтнуудын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгал баталгаажаад эхэлнэ гэсэн үг. Анх удаа 7000 ажилтныг даатгаж байгаа утгаараа үйл явц нь цаг хугацаа шаардана. Гэхдээ нэгэнт эхэлбэл цаашдаа асуудалгүй үргэлжлээд хурдан жигдэрнэ гэж бодож байна. 
-Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, ҮЭ-ийн холбооны хооронд байгуулдаг “Хамтын гэрээ”-г хоёр жил тутамд шинэчлэн, баталдаг. 2025 оны төгсгөлд шинэ “Хамтын гэрээ” боловсруулж, байгуулна гэж өмнөх үгэндээ онцолсон. Энэ удаагийн гэрээний онцлог юу байх бол? Нөгөө талаар, өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтанд нэг удаа олгодог мөнгөн тэтгэмж олгох заалт хасагдана, хасагдахгүй гээд нэлээд ам дамжиж яригдсан. Энэ асуудал үнэхээр хөндөгдөх үү?
-Юуны өмнө одоо хэрэгжиж буй “Хамтын гэрээ”-нд огт биелээгүй заалт байхгүй гэдгийг онцолъё. Тендер шалгаруулалттай холбоотойгоор удааширч буй даатгалын асуудлаас бусад нь биелж байгаа. Өмнө хэлсэнчлэн үүнд цаг хугацаа шаардагдана. Нөгөө талаар, “Хамтын гэрээ”-ний хэрэгжилт үр дүн ажил олгогч, ҮЭ-ийн холбоо хоорондын харилцан ойлголцлын түвшин өндөр байгаатай холбоотой. ҮЭ-ийн холбооны зүгээс тавьсан асуудлыг сонсож, аль болохоор шийдвэрлэх, зөвшилцөх бодлого баримталж байгааг хэлэх нь зүйтэй. Өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтанд нэг удаагийн тэтгэлэг олгохгүй болно гэдэг нь цуу яриа. Ер нь ажилтнууд маань “Хамтын гэрээ”-нд тусгаж, цагаан дээр тод хараар бичсэн заалтад итгэх хэрэгтэй. Энэ гэрээнд нэгэнт тусгагдсан бол хүчин төгөлдөр байна л гэсэн үг. Бүх харилцаа гэрээний заалтаар зохицуулагдана. Аль нэг тал биш, хоёр тал зөвшилцсөний үндсэн дээр өөрчлөгддөг, хуулиар хамгаалагдсан гэрээ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм. Цаашид “Хамтын гэрээ”-гээ сайжруулаад л явна. 
-Ажилтны хөдөлмөрлөх эрх ашиг бол хүний эрхтэй шууд холбоотой. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж байна вэ?
-Өнгөрсөн онд бид энэ чиглэлээр нэг том ажил хийсэн нь хүний эрхийн сургагч багштай болсон явдал. Үйлдвэрийн хэмжээнд хүний эрхийн сургагч 37 багш бэлдсэн. Манай ҮЭ-ийн холбооноос Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хүсэлт тавьсны үндсэн дээр энэ ажил биеллээ олсон. Одоо сургагч багш нар маань өөр өөрийн цех, нэгж дээр хүний эрхийн үндсэн ойлголтууд, холбогдох дүрэм журмын талаар ажилтнуудад сургалт зохион байгуулж байна. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрт хүний эрх зөрчигдөх олон эрсдэлээс ангид, хяналттай байх боломжийг бүрдүүлж байгаа юм.  
-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
6
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
1
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Д.АЛТАНХУЯГ: Геологийн даалгаварт Оюутын хүдрийн нөөцийг 200 сая тоннд хүргэх зорилт бий

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %