Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчид санаачлан, үйлдвэрийн шалган нэвтрүүлэх нэгдүгээр байрны ойр орчимд их цэвэрлэгээ зохион байгуулав. Энэ нь тус хорооны 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан нөлөөллийн ажлуудын нэг ажээ. Өнгөрсөн 2 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ҮЭХ-ны тэргүүлэгч, ажлын албаны төлөөллүүд Япон улсад томилолтоор ажиллаж, туршлага судалж явахдаа тус орны гудамж талбай, үйлдвэр, аж ахуй нэгж, үйлчилгээний газрын ойр тойронд эзэнгүй булан тохой огт байхгүй, бүхий л орчин цэвэр цэмцгэр, ногоон байгууламжтай байгаагаас санаа авч, энэхүү нөлөөллийн ажлаа хийсэн байна. Цэвэрлэгээний хүрээнд тэд шалган нэвтрүүлэх 1-р байрны ойр орчмын зам талбайн хайрга, шороог цэвэрлэж, будаж, өнгө үзэмжийг сайжруулжээ.
Нөлөөллийн ажилд ХАБЭА-н хэлтэс, Гэрээт Дотоодын цэргийн 816-р анги болон Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Баяжуулах үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Залуучуудын холбоо дэмжин, хамтран оролцсон байна.
Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь тэргүүлэгч, бүлгийн зохион байгуулагч нарын 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр цехийн 1100 орчим гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. 2025 онд ээлжийн ажилтнуудаа идэвхжүүлж, сэдэлжүүлэх, цуврал сургалт, ярилцлага түлхүү зохион байгуулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ээлжинд ажилладаг ажилтнаа заавал танхимын сургалтад ирц бүртгэн суулгах бус тэдэнтэй нээлттэй ярилцах боломжийг бүрдүүлэх, гар утасны видео бичлэг, контентуудаар дамжуулан хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулж ажиллах юм байна.
Тус ҮЭ-ийн хороо гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй, үр дүнтэй хийх зорилгоор бусад цех, салбар байгууллагуудтай хамтран ажилладаг. Тухайлбал, цехийн захиргаа, ТББ-ууд, “Эрдэнэт” сувиллын цогцолбортой хамтран “Ахмаддаа ээлтэй хамт олон”, “Ажилтны эрүүл мэндийг дэмжих жил” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн “Шилдэг ҮЭ-ийн хороо”-гоор шалгарсан юм.


















