Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэтийн талбай дээр хиймэл оюун ухаан ашиглаж, зардал хэмнэсэн, дэвшилтэт технологиор хайгуул хийх тухай тусгагдсан. Тэгвэл гуравдугаар сарын 27, 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монголын геологи, хайгуул-2025” чуулга уулзалтын үеэр Стэнфордын их сургуулийн профессор Жеф Каэрс “Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухаанаар дамжуулан хайгуулын үр ашгийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан байна. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийн хайгуулын талбайнууд дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн нь тус чуулганы нэгэн чухал үр дүн болов.
2009 оноос хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдсан “Монголын геологи, хайгуул” чуулганы эхний өдрийн “Бодлого-Хамтын ажиллагаа” хуралдааныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг удирдаж, түлхүүр илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Монголын Эрдэс баялгийн салбарын бодлого” сэдвээр тавьж, хэлэлцүүлсэн юм. Харин хоёр дахь өдрийн хуралдаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг “Эрдэнэтийн хүдрийн талбайн зэс, молибденын хүдэржилт” сэдвээр илтгэл тавьж, Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнгээс танилцууллаа.
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанууд оюутны эрдэм шинжилгээний хурлаас эхлээд мэргэшүүлэх сургалтууд, спорт аялал, хээрийн ордтой танилцах ажлаар энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.



















