Баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн технологийн салгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүхэрт натрийг гидросульфидийн урвалжаар солих туршилтын ажлыг амжилттай хийлээ. Туршилтын хугацаанд Судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс таван удаа сорьцлолт хийж, технологийн процесст хяналт тавин ажиллажээ.
Өмнө нь цельсийн 86 хэмийн температурт булингаа халааж, хүхэрт натри ашиглан баяжуулалтын процесс явагддаг байсан аж. Тэгвэл гидросульфид натри ашигласнаар орчных нь агаарт баяжуулалт явуулж, зарцуулалт 30 хүртэл хувиар буурах нөхцөл бүрджээ. Цаашид урвалжийн зарцуулалт багасах учраас жилийн хэрэглээ тодорхой хэмжээгээр буурна. Энэ утгаараа худалдан авалтад хөнгөлөлт гарна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
“Шинэ урвалжийг цаашид ашиглах, эсэхийг үйлдвэрийн удирдлагуудын түвшинд шийднэ. Ер нь технологийн горимыг улам нарийвчлах боломжтой. Энэ хоёр урвалж чанарын хувьд харьцангуй ойролцоо шинж чанартай. Үйлчлэлийн хувьд гидросульфид натри нь молибденоос бусад бүх төрлийн эрдсүүдийг дарах чадвартай нь туршилтын ажлаар нотлогдлоо. Хүхэрт натрийн тухайд булингаа өндөр температурт халааж, баяжуулалтын процесс явагддаг. Ажлын байрны халуун нөхцөл нь ажилтанд аюулгүй ажиллагааны эрсдэлтэй. Тэгэхээр булингаа халаахгүйгээр баяжуулалтын процесс явагдах учраас эрсдэлгүй болж байгаа. Үүнээс гадна зуны цагт тухайн объект дээр ажилладаг ажилчдын хувьд их халдаг учраас ажлын нөхцөл хүнд байдаг. Шинэ урвалжийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр энэ ажлын нөхцөл сайжирна. Өөрөөр хэлбэл зэс молибдены хам баяжмалыг салгах технологийн үйл ажиллагаанд гидросульфид натрийг ашиглах боломж бүрдлээ” гэж Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий инженер Д.Цэрэнчимэд ярилаа.















