Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн хариуцлагын үүрэг, ач холбогдлыг үйл ажиллагаагаараа дамжуулан уурхайчид болон олон нийтэд хүргэдэг 10 гаруй цех, нэгж тус үйлдвэрийн харьяанд ажиллаж байна. Эдгээр цех нэгжүүд 2024 оныг “Соёлтой харилцаа-Чанартай үйлчилгээ”-г эрхэмлэх жил болгон зарлаж, бүтэн жилийн турш хийсэн ажлын амжилт ололт, алдаа оноо, үр дүнг тайлангийн хуралд танилцуулж, хэлэлцүүллээ. Нийгмийн болон нийтлэг үйлчилгээний цехүүд гэж нэрийддэг Аж ахуй, үйлчилгээний цех, Соёл, урлагийн цогцолбор, Спорт цогцолбор, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Ногоон хөгжлийн төслийн нэгж, “Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, 19 дүгээр дунд сургууль, 12 дугаар цэцэрлэг, Оёдлын цех, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, Москва, Бээжин дэх Худалдааны төлөөлөгчийн газрууд зэрэг 12 нэгжийн 2024 оны тайланг хэлэлцэх хурлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх ахалж, тайлангийн хурлын ажлын хэсгийн гишүүд санал дүгнэлт хэлж, үнэлэлт өглөө.
Нийгмийн цехүүдийн эхэнд Ногоон хөгжлийн төслийн нэгж өнгөрсөн оны ажлын тайлангаа тавьж хэлэлцүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр манлайлан нэгдэж, 100 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэгч гол нэгж гэж тодорхойлж болох Ногоон хөгжлийн төслийн нэгжийнхэн өнөөдрийн байдлаар 3.5 сая мод үрээр тарьж, үүний 60 орчим хувь ургалт сайтай байгааг тайландаа дурдсан. Өнгөрсөн оны нийт хөрөнгө оруулалтын 71 хувийг автомат мод үржүүлгийн газар байгуулах ажилд зориулсан бол усалгааны 2 машин, олон үйлдэлт 3 трактор, ачааны 1 машинаар хүч сэлбэсэн байна. Үндсэн үйл ажиллагааны тухайд, улиасны мөчир 12700 ширхгийг бэлтгэж, Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төвд 4600 кг био ялзмаг үйлдвэрлэж, Хангал гол дагуу 56 га талбайд 3.119.547 ширхэг мөчир, 40.4 кг үрээр тарилт хийжээ. Модлог ургамлын үрийн сан бүрдүүлж, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой ч зарим үйл ажиллагаанд алдаа дутагдал байгааг сайжруулах үүрэг даалгаврыг тайлангийн хурлын ажлын хэсгээс өгч, тус нэгжийн 2024 оны ажлын үр дүнд 88.07 хувийн үнэлэлт өгөв.
Өөдлөх айлын өнгө үүднээсээ хэрхэн харагдаж болохыг хариуцдаг Аж ахуй, үйлчилгээний цехийнхэн өнгөрсөн оны ажлаараа Эрдэнэт үйлдвэрээ өнгө үзэмжтэй харуулж буйг тайлангийн хурал онцолсон. Үйл ажиллагааны зардлаа 1.5 тэрбум төгрөгөөр бууруулж, цэвэрлэгээ үйлчилгээний чанарын стандартыг амжилттай нэвтрүүлж ажилласан тус цехийнхэн өмнөх оны ажилдаа 94.54 хувь буюу хангалттай сайн дүн авлаа.
Уурхайчдын хүнд хөдөлмөрийг урлаг соёл, дуу хуураар “зөөллөж” урам зориг өгдөг Соёл, урлагийн цогцолборын хамт олон өнгөрсөн онд үйлчилгээгээ тэлэх, хүртээмжтэй болгохын тулд олон хэлбэрийн маркетинг нэвтрүүлэн ажилласан байна. Нийт 253 удаагийн урлагийн тоглолт 73139 хүнд толилуулж, музей үзэгчдийн 48.6 хувьд нь төлбөртэй үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр жилийн орлогын төлөвлөгөөг 480 сая төгрөг буюу 109 хувиар давуулан биелүүлж, зардлаа 20 хувиар бууруулж ажилласнаа тайлагнасан. Урлагийн үйлчилгээг зөвхөн уурхайчдад биш хөдөө орон нутгийнханд хүргэснээр орлогын төлөвлөгөөгөө ахиулан биелүүлсэн Соёл, урлагийн цогцолборынхон 92.5 хувиар ажлаа үнэлүүллээ.
Спорт цогцолбор 2024 онд давхардсан тоогоор 102693 ажилтанд нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйлчилсэн нь өмнөх онтой харьцуулахад 9056 хүнээр илүү дүнтэй байна. Нийт 641 сая 817 мянган төгрөгийн бэлэн орлого, 1 тэрбум 601 мянга 670 төгрөгийн бэлэн бус орлого буюу нийт 2 тэрбум 243487 төгрөгийн орлого олж, орлогын төлөвлөгөөгөө 110 хувиар биелүүлжээ. Тус цогцолборт хичээллэдэг тамирчид Улсын аварга шалгаруулах болон нэрэмжит тэмцээнүүдээс нийт 160 медаль хүртэж, их спортод амжилт гаргасан байна. Спорт цогцолборын хамт олон 2024 оны ажилдаа 93.38 хувь буюу “хангалттай сайн” дүн авав.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс 1.9 тэрбум төгрөг олж, орлогын төлөвлөгөөгөө 105 хувиар биелүүлэн ажиллаж буйгаа "Эрдэнэт" сувиллын цогцолбор тайландаа онцолсон. Амбулаториор 80998 хүнд үйлчилсэн "Эрдэнэт" сувиллын цогцолбор 90.43 хувиар үнэлүүлсэн бол “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор 92.54 хувь, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 92.78 хувь, Орос 19 дүгээр дунд сургууль 93.75 хувь, 12 дугаар цэцэрлэг 93.33 хувь, Оёдлын цех 93 хувиар тус тус ажлаа үнэлүүлсэн юм. Түүнчлэн, Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар 92.17 хувь, Бээжин, Москва дахь Худалдааны төлөөлөгчийн газрууд 92.03-91.82 хувийн үнэлгээтэйгээр өмнөх оны ажлаа дүгнүүлэв.
Нийгмийн цехүүдийн өнгөрсөн оны ажил үйлс, дээр дурдсанчлан ахиц дэвшилтэй олон үзүүлэлт байсан хэдий ч бүтцийн нэгж бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, ажил үйлчилгээний орчин, ажилтнуудын харилцаа хандлага, хүний хөгжил, нийгмийн дэмжлэг туслалцаа гэх зэрэгт цаашид анхаарч, илүү сайжруулах, санал санаачилга гаргах багагүй асуудлууд буйг тайлангийн хурлын ажлын хэсгийнхэн хөндөж байв. Шинэ онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөгөө биелүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг дараагийн шатанд гаргаж ажиллах даалгавар, үүрэг чиглэл тэдний өмнө томоос том тавигдаж буйг анхааруулснаар энэ удаагийн тайлангийн хурал өндөрлөлөө.
“Соёлтой харилцаа-Чанартай үйлчилгээ” уриан дор ажилласан нийгмийн цехүүд-2024 онд
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















