Өнгөрөгч онд эрдэнэсийн тээвэрчид уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 98.2 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 96.5 хувиар биелүүлсэн бол 9, 10 дугаар сард нийлүүлэгдсэн "Komatsu HD1500-8" загварын 10 нэгж автомашиныг гурван сарын хугацаанд амжилттай угсарч, ашиглалтад оруулсны үр дүнд IY улиралд уулын цул тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.8 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 111.6 хувиар тус тус биелүүлжээ.
Тайлант хугацаанд үйл ажиллагааны зардлыг баталсан төсвөөс 61.9 тэрбум төгрөгөөр буюу 17.8 хувиар хэмнэсэн байна. Мөн технологийн болон төрөл бүрийн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлын болон парк ашиглалтын итгэлцүүрийн төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилттай ажилласнаа танилцууллаа. Түүнчлэн, технологийн тээврийн хэсгийн нэг тн/км ачаа эргэлтийн өөрийн өртгийг 159 төгрөгөөр, төрөл бүрийн тээврийн хэсгийн нэг машин цагийн өртгийг 38,866 төгрөгөөр тус тус бууруулжээ.
Авто тээврийн цех 2024 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны тайлангаа “хангалттай сайн” буюу 90,83 хувийн үзүүлэлттэй хамгааллаа.
Энэ онд Авто тээврийн цех уулын цул тээвэрлэлт болон ачаа эргэлтийн төлөвлөгөөт даалгаврыг ханган биелүүлэх, ХАБЭА-н хууль, дүрэм, журмыг чанд сахиж ажиллах, Хүний нөөцийн MNS ISO 30400 багц стандартыг хэрэгжүүлэх, үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн тээврийн хэрэгслийн захиалгын дагуу тээврийн ажил үйлчилгээг чанартай гүйцэтгэх, хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь гүйцэтгэх, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа тайлангийн хурлын үеэр танилцууллаа.















