Даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бүтээмжийн асуудал хариуцсан менежерээр томилогдсон Галнэмэхийн Цогнэмэхийг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын тушаал зэрэг албан тоотын дагуу Бүтээмжийн асуудал хариуцсан менежерээр томилогдож буй Г.Цогнэмэх нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1999 онд ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуулийг Маркетингийн менежер мэргэжлээр бакалавр, 2000-2001 онд тус сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр магистр, 2008-2009 онд Мадридын “IE Business” сургуулийг Олон улсын бизнесийн удирдлага мэргэжлээр магистр зэрэгтэй тус тус төгссөн. Тэрээр 1998-2001 онд “Проктер энд Гэмбл” ХХК-д менежер, 2001-2004 онд “MCS Coca Cola” ХХК-д Борлуулалт хариуцсан захирал, 2004-2017 онд Анунгоо ХХК, Анун ХХК, М-СИ-ЭС Дистрибюшн ХХК, Бишрэлт Холдинг ХХК, Грийн сити ХХК, Исенсо ХХК, Ремикон ХК-д тус тус Гүйцэтгэх захирал, Тэнгри группийн Бизнес хөгжил хариуцсан Дэд Ерөнхийлөгч, 2017 оноос УБ БҮК ХК-д Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн зэрэг алба хашиж ирсэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс энэ сард ажилтнуудын хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийн ашиглалтыг сайжруулах зорилгоор аян өрнүүлж байна. Аяны хүрээнд ажлын байран дахь хамгаалах хэрэгслийн иж бүрэн, зөв ашиглалтад хяналт шалгалт хийж буйг ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Бүтцийн цех, нэгжийн удирдлага, удирдах ажилтнууд өөрсдөө хамгаалах хэрэгслээ бүрэн өмсөж, ажилтнууддаа шаардлага тавьж, манлайлж ажиллахыг энэ үеэр анхаарууллаа.
Оны эхний 26 хоногийн байдлаар, үйлдвэрлэлийн төлөвлөгөөний гүйцэтгэл биелж буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтэс мэдээлэлдээ онцлов. Тухайлбал, уулын цул гаргалт 358 мянган метр куб, хөрс хуулалт 279 мянган метр кубээр төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэлтэй байгаа бол хүдэр олборлолт 292 мянган тонн, хүдэр боловсруулалт 270 мянган тонноор тус тус давж биелсэн байна. Хүдэр дэх зэсийн агуулга 0,39 хувь, молибдены агуулга 0,014 хувьтай. Технологийн балансаар зэсийн металл авалт 89 хувь, молидбены металл авалт 57 хувийн үзүүлэлттэй гарсан бөгөөд зэсийн баяжмал үйлдвэрлэл 22,45 хувийн агуулгатай 10 мянган тонн цэвэр зэс агуулсан 44586 тонн, молидбены баяжмал 151 тонныг тус тус үйлдвэрлэсэн байна.
Баяжуулах үйлдвэрт хам баяжуулалтын 3 дугаар секцийн туршилт тохируулгын ажлыг 72 цагийн турш хийж, өнгөрсөн баасан гарагт байнгын ажиллагаанд оруулан хүлээж авсан байна. Ингэснээр 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай 3 дугаар секцийн шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, ашиглалтад оруулав. Өнөөдрөөс 2 дугаар секцэд демонтаж хийх ажлыг эхлүүлж, 7-7.5 сарын хугацаанд бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн, бусад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж буйг цехийн удирдлага мэдээлэв. Эрдэнэт үйлдвэрт хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, тухайлбал Баяжуулах үйлдвэрийн 2, 3 дугаар секцийн шинэчлэл, Ус хангамжийн цехийн цэвэрлэх байгууламж, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт 8000 га газрын техникийн нөхөн сэргээлт зэрэг томоохон төсөл хөтөлбөр, ажлуудын эдийн засгийн үр ашиг, хэрэгцээ шаардлага, гүйцэтгэлийн чанар, цаашид өгөх өгөөж зэргийг тодорхойлон, ажилтнууд болон олон нийтэд мэдээлж, хүргэх чиглэлийг Ерөнхий захирал энэ үеэр өглөө.
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын дунд 19 дэх жилдээ зохион байгуулагдсан биллиардын аварга шалгаруулах тэмцээнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн Албаны дарга Д.Одгарьд түрүүлсэн байна. Аваргын шилжин явах цомыг энэ удаагийн шуурхай зөвлөгөөний үеэр гардууллаа.















