Эрдэнэт үйлдвэрийн зохион бүтээгч, инноваторуудын зөвлөгөөн өнөөдөр болж, судалгаа, инновацын ажлын үр дүнгээр бий болсон оюуны бүтээлийн эздэд шагнал гардууллаа. Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жил, Оюуны өмчийн салбар үүссэний 80 жил, Эрдэнэт үйлдвэрт “Шинийг санаачлагч, зохион бүтээгчдээ дэмжин, мөнхжүүлэх анхны журам” батлагдсаны 45 жилийн түүхт ойн өдрүүд тохиож буй цаг үед энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаараа онцлогтой.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн дарга, доктор Ц.Цэнд-Аюуш тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Тэртээ 1944 онд тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 63 дугаар тогтоолоор “Шинэ юм зохион олох ба оновчтой санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай” заавар батлагдсанаар Монгол Улсад Оюуны өмчийн эрх зүйн үндэс тавигдаж байв. Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр, “Шинэ бүтээл, оновчтой саналыг бүртгэх, зохиогчдод эрхийн баримт олгох, оюуны бүтээлч санал, санаачилгыг дэмжих, хөгжүүлэх, урамшуулах зорилгоор 1979 онд “Шинэ бүтээл, оновчтой санал”-ын журмыг боловсруулан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр тус үйлдвэр, Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд оюуны өмчийн соёлыг төлөвшүүлэх, түүнийг бүтээх, ашиглах хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчдод ашгаас хуваарилах зэрэг харилцааг зохицуулсан оюуны өмчийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх журмыг боловсруулан, 2015 оноос шинэчлэн хэрэгжүүлсээр ирсэн. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр, Монгол Улсын хэмжээнд оюуны өмчийн бодлогын цогц бичиг баримттай анхны байгууллага болсон юм. Энэ хугацаанд нийт 19 бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэснээс шинэ бүтээлийн патент 4 ширхэг, ашигтай загварын гэрчилгээ 1 ширхэг, үндсэн болон туслах барааны гэрчилгээ 14 ширхгийг тус тус авсан байна. Эдгээрийг ихэвчлэн Баяжуулах үйлдвэр, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Засвар, механикийн заводын инженер техникийн ажилтнууд, судлаачид хүртсэн” хэмээн оюуны өмчийн эрхийн бодлогын хэрэгжилт, үйл явцаас онцолсон юм.
Нээлтийн дараа, зөвлөгөөнд оролцогчдод Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж буй инноваци, оюуны өмчийн бодлого, үйл ажиллагааны тухай видео танилцуулга үзүүлж, “Үйлдвэрийн газрын оюуны өмчийн менежмент” илтгэлийг Хөгжлийн хэлтсийн Инноваци, оюуны өмчийн мэргэжилтэн Д.Энхтунгалаг тавилаа. Энэ үеэр Үйлдвэрийн газрын санхүүжилтээр гүйцэтгэсэн судалгаа, инновацын ажлын үр дүнд бий болсон бүтээлийн патент, гэрчилгээг бүтцийн нэгжийн удирдлага, инженер судлаачдад гардуулж, баяр хүргэв. Тухайлбал, Үндсэн барааны тэмдэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын лого, туслах барааны тэмдэгтүүд бүхий гэрчилгээг Зах зээлийн судалгаа, маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж, Засвар, механикийн заводын лого, ашигтай загвар “Конусан бутлуурыг сэргээн засварлах төхөөрөмж”, шинэ бүтээлийн патент “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлийн гэрчилгээ, танилцуулгыг тус заводын дарга Б.Баасансүрэн, хамт олонд, “Эрдэнэт” телевиз, “Эрдэнэт долгион” ФМ 107.1 радио, “Өнөөгийн Эрдэнэт” сонин, www.erdenetmc.mn, www.erdenettoday.mn сайтын барааны тэмдэгтүүд бүхий гэрчилгээг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Г.Гантулга, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн лого, гэрчилгээг тус сургуулийн захирал Д.Зоригтхүү, “Механик түлхүүр” шинэ бүтээлийн гэрчилгээг Баяжуулах үйлдвэрийн инженер судлаачдад тус тус гардуулсан юм.
Түүнчлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн “Хүндэт жуух” бичгээр Ус хангамжийн цехийн дарга асан, ахмад ажилтан Г.Батмөнхийг шагнаж, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын “Зохион бүтээгчдийг урамшуулах тухай” тушаалаар Засвар, механикийн заводын Ерөнхий инженер А.Арвис, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн судлаач, инженер М.Агиймаа, Ус хангамжийн цехийн инженер Д.Буйдан, Баяжуулах үйлдвэрийн Механикийн товчооны дарга Б.Болор-Эрдэнэ, Чанарын хяналтын хэлтсийн чанарын мэргэжилтэн М.Байгалмаа нарын 30 гаруй мэргэжилтэн, судлаач инженерүүдийн оюуны бүтээлд мөнгөн урамшуулал олгож, баяр хүргэлээ.















