Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Ж.Энхдэлхий ахлагчтай “Сэтгэмж” бүтээмж, чанарын дугуйлан улсын хэмжээнд “Шилдэг чанарын дугуйлан”-гаар шалгарлаа.
Монголын бүтээмжийн төвөөс харилцагч байгууллагуудын бүтээмж, чанарыг дээшлүүлэхээр Чанарын дугуйлангуудын үйл ажиллагааг дэмжин, олон нийтэд таниулан сурталчлах, урамшуулах зорилгоор Шилдэг чанарын дугуйланг 5 дахь жилдээ шалгаруулж байна. Тус шалгаруулалтад нийт 34 бүтээмж, чанарын дугуйлан оролцож, хэрэгжүүлсэн төслийн ажлаа танилцуулан өрсөлджээ.
Шалгаруулалтад Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн Ж.Энхдэлхий ахлагчтай “Сэтгэмж” бүтээмж, чанарын дугуйлангийнхан “Ширхгийн шинжилгээний тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах” нь төслийн үр дүнгээр Тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, дугуйлангийн нэг гишүүний зардлыг нь хариуцан “Олон улсын сургалтад хамруулах эрхийн бичиг”-ээр шагнууллаа. Удаах байруудад "ДЦС-3" ТӨХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн чанарын дугуйлангууд шалгарч, “Говь” ХК-ийн чанарын дугуйлан тусгай байр эзэлжээ. Шилдэг дугуйлангуудын шагналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв хамтран зохион байгуулсан "Бүтээмжийн хувьсгал" зөвлөлдөх уулзалтын үеэр гардуулсан байна.
“Сэтгэмж” бүтээмж, чанарын дугуйлан “Ширхгийн шинжилгээний тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах” төсөл хэрэгжүүлсний үр дүнд хүдэр болон баяжуулалтын дээжид шигшүүрийн шинжилгээг Ro-Tap төрлийн шигшүүрээр гүйцэтгэхэд чичиргээт шигшүүрээс ажлын бүтээмжийг гурав дахин нэмэгдүүлэх, дээжийн жин болон шигших төхөөрөмжид тохируулан шигшилтийн хугацааг тодорхойлсноор 5-12 минут бууруулах, шигшүүрийн шинжилгээ гүйцэтгэх хугацаа буурснаар ажилтан өөр ажилд шилжин ажиллаж 25.0 сая төгрөгийн ажил нэмэлтээр хийх боломж бүрдэх, шигших тоног төхөөрөмжийн ажлын цаг багасаж цахилгаан эрчим хүчний зардлыг 80% бууруулах, ширхгийн шинжилгээ хийх ажлын алдааг багасгаж, үнэн зөв үр дүнг хурдан шуурхай гаргах боломж бий болох зэрэг эдийн засаг, хөдөлмөр зохион байгуулалтын өндөр үр өгөөж, давуу тал гарсан байна.
Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн “Сэтгэмж” дугуйлан “Шилдэг чанарын дугуйлан”-гаар шалгарлаа
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















