Даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн уламжлал ёсоор ХАБЭА-н мэдээллээр эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд өндөр эрсдэлтэй 49 ажил төлөвлөгдсөнөөс 42 нь хийгдсэн байна. Үүний 5 ажил нь галын ажил байв. ХАБЭА-н чиглэлийн сургалт хуваарийн дагуу зохион байгуулагдаж, нийт 606 ажилтан уг сургалтад хамрагджээ. Гал унтраах 58-р анги, Гэрээт цагдаа, Дотоодын цэргийн ангийн мэдээллээр үйлдвэрийн ажилтнууд ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилгүй ажилласан байна.
Өнгөрсөн долоо хоногт аюултай хог хаягдлыг дахин боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудад 326 ширхэг төмөр торх, 15 хаягдал тос шилжүүлж өгчээ. Энэ онд дээрх тусгай зөвшөөрөл бүхий 5 аж ахуйн нэгжтэй Эрдэнэт үйлдвэр гэрээ байгуулан ажилласан бөгөөд эхний гурван компанитай жилийн ажлаа дүгнэж, гэрээ дуусгавар болгосныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс мэдээлэлдээ дурьдав. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлэхээр ажиллаж буй аж.
Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт сарын эхний 7 хоногийн байдлаар 100-аас дээш хувиар биелж буйг Үйлдвэрлэл, технологийн хэлтсээс мэдээллээ. Сарын эхний өдрүүдэд уулын цул гаргалт 119.6 хувиар, хөрс хуулалт 137.8 хувиар, хүдэр олборлолт 113.6 хувиар тус тус биелж байна. Хүдэр боловсруулалтыг төлөвлөснөөс 9.8 хувиар илүү гүйцэтгэж, төлөвлөгөөг 101.2 хувиар биелүүлжээ. Сарын эхнээс зэсийн металл авалт 100.8 хувиар, молибденийн металл авалт 110 хувиар, зэсийн баяжмал гаргалт 102 хувиар тус тус давж биелж байгаа бол зэсийн агуулгын төлөвлөгөө 101.7 хувиар биелжээ. Эхний 7 хоногт 403 чингэлэг зэсийн баяжмал ачуулсан байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд “Эрчим хүчээ тохируулая” нөлөөллийн аяныг өрнүүлж эхлээд байна. Энэ сарын 17-22-ны өдрүүдэд үргэлжлэх тус аяны зөвлөмжийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд мэдээлэл, сурталчилгааны ажлууд зохион байгуулж буй тул үүнд идэвхтэй оролцохыг Эрчим хүчний хэлтсээс уриалав. Түүнчлэн эрчим хүчний хязгаарлалт одоогоор Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдээгүй байгаа ч ирэх саруудад цахилгаан эрчим хүчний хэсэгчилсэн хязгаарлалт нэмэгдэх төлөвтэй байна. Иймд бүтцийн цех нэгжүүд ажил тарах үед ажлын байрны агааржуулалт, компьютер болон бусад тоног төхөөрөмжүүдийг тогтмол салгаж, эрчим хүч хэмнэх, нөгөө талаас тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагааг хангах, эрсдлээс хамгаалах шаардлагатай байгааг анхаарууллаа.
2025 оны хөрөнгө оруулалт болон эргэлтийн хөрөнгийн захиалга хийгдэж эхэлснийг Механикийн хэлтэс мэдээлэлдээ онцоллоо. Ирэх оны “Их зогсолт” буюу их засварын сэлбэг материалын захиалгын багцыг төлөвлөн гаргаж буйг мэдээлэв.
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2024 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг энэ сарын 15-наар дуусгавар болж, цех нэгжүүд 90-ээс дээш хувиар хамрагдсан тухай Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас мэдээллээ. Ирэх оны эрүүл мэндийн үзлэг 2025 оны 3 сарын 1-нээс эхлэх бөгөөд цех нэгжүүд идэвх санаачилгатай хамрагдаж, ачаалал үүсгэхгүй байхаар зохион байгуулж оролцохыг нийт удирдлагуудад анхааруулав.
Мөн үйлдвэрийн 2024 оны Шилдэг ажилтныг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 21-нд болж өөрчлөгдсөн байна. Хангарьд паласт болох тус үйл ажиллагаанд үйлдвэрийн 450 ажилтан оролцох юм.















