Одоогоос 46 жилийн өмнө тооцоолж байсан үр ашгийн төсөөллийг Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжлийнхөө бүх хугацааны туршид маш сайн, нэр төртэй, үр дүнтэй биелүүлж ирснийг өнөөдрийн судалгааны дүгнэлт харууллаа. Эрдэнэт үйлдвэрээс өөрөөс нь шалтгаалахгүйгээр үр ашиг нь дээш доош хэлбэлзэх цаг үе байсан ч үйлдвэрлэлийн үндсэн ажиллагаа, техник технологийн түвшин, хэвийн горимыг хэзээ ч алдаж байгаагүй гэдгийг онцолмоор байна. Жилээс жилд сайжруулж, хүчин чадлаа нэмэгдүүлж хөгжүүлж ирсэн нь судалгаанаас харагдлаа.
Уул уурхайн салбарын мэргэжилтнийг бэлтгэхэд Эрдэнэт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг олон зүйлээр тайлбарлаж болно. Тэнд ажиллаж байсан олон инженер техникийн ажилтнууд одоо Монголын Уул уурхайн салбарын гол гол албанд тэргүүлэн ажиллаж байна. Улс орны хөгжил, уул уурхайн салбарт оруулсан асар их үр өгөөж нь энэ. Нөгөө талаасаа, улс орны эдийн засгийн маш хүндрэлтэй үед Эрдэнэт үйлдвэр өөрийгөө ажрахгүй аваад гарахын зэрэгцээ бусад үйлдвэрүүдийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед нь тусалж байв. Хөтөлийн Цемент шохойн үйлдвэр, 4-р Цахилгаан станц, Шарын голын нүүрсний уурхай гэх зэрэг олон үйлдвэрт туслан, үр өгөөжөө үзүүлж байлаа. Үүнийг Эрдэнэтийн уурхайчдын гавьяа гэж хэлнэ.
Одоо Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо. Энэ бол ямар ч цаг үед өөрийгөө авч явах чадамжтай, өрсөлдөх чадвар өндөртэй үйлдвэр болгон хөгжүүлсний илрэл юм.
Судалгааны тайлангийн хурлаар Эрдэнэтийн ирээдүйг онцоллоо. Илүү өргөн хүрээнд, стратегийн том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Үүндээ цаашид хэрхэн үр өгөөжөө нэмэгдүүлэх, доголдож болзошгүй үйлдвэрлэлийн дамжлагыг сайжруулах, хүндрэлээс гарах арга замуудаа тодорхойлж буй нь олзуурхууштай байлаа. Энэ утгаараа Эрдэнэт бол уул уурхайн салбартаа үлгэр жишээ ажиллаж байна гэдгийг хэлье.
Ер нь тухайн байгууллага өөрсдөө дотроо судалгаа хийгээд, дүгнэлт гаргах нэг хэрэг. Харин гаднын байгууллага, мэргэжлийн судлаачдын багаар үйл ажиллагаандаа судалгаа дүгнэлт хийлгэж, өчигдөр, өнөөдөр, маргаашаа тодорхойлно гэдэг илүү бодитой, үр дүнтэй ажил болсон байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, хувь нэмэрт Онц дүн тавьсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлье.
Монгол Улсын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Хүндэт Ерөнхийлөгч, Академич П.Очирбат: Эрдэмтдийн хийсэн судалгаагаар Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, хувь нэмэрт Онц дүн тавьсанд сэтгэл өндөр байна
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















