Бид энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ, Эрдэнэт үйлдвэр эдийн засгийн хувьд дотоодын нийт бүтээгдэхүүний хэдэн хувь, улсын төсөвт хэчнээн хувийг бүрдүүлж байна вэ гэх зэргээр чиглэл чиглэлээр нь тодорхойлж, гаргалаа. Ингэхдээ түүхчилсэн байдлаар, өөрөөр хэлбэл 1990 оноос хойших хугацаа, өнөөгийн нөхцөл байдал гэх мэтчилэн цаг, он дарааллаар үечлэн судалсан. Түүнчлэн, Үйлдвэрлэл, технологийн парк байгуулан хөгжүүлж, илүү нэмүү өртөг, үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тодорхойллоо.
Түүхэн үйл явцыг нь судлаад үзэхэд, Эрдэнэт үйлдвэр 1990-2000 онд макро эдийн засгийн гол үзүүлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүн болон улсын төсвийн орлогын гуравны нэг хувийг дангаараа бүрдүүлж байв. Тиймээс бид зах зээлийн шилжилтийн хүнд үеийг даван туулахад гол “амь тариа” болж байсан гэж судалгаандаа онцолсон. Дараагийн түүхэн үе буюу 2010 оноос эдийн засаг тэлж, эрчимжихийн хэрээр Эрдэнэт үйлдвэрийн төсвийн орлогод төвлөрүүлэх хувь хэмжээ багасаж, 10 хувь болсон ч долларын ханшийн тогтворжилт, улсын төсөв анх удаа ашигтай байх зэрэгт үзүүлэх нөлөө нь хэвээр байсан. Эрдэнэт үйлдвэр цэвэр экспортын үйл ажиллагаа явуулж, гаднаас валютын урсгалыг оруулж ирдэг. 2023 оны байдлаар, Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт төвлөрүүлсэн төсвийн орлогыг иргэн бүрд хувааж үзэхэд, нэг иргэнд 560 мянган төгрөг ноогдож байна. Харин айл өрх бүрд 2.1 сая төгрөг ноогдох орлогыг төсвөөр дамжуулан, төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болгон үзүүлж байгаа юм.
Эрдэнэт үйлдвэр орон нутагт тодорхой хувь нэмрийг оруулж байна. Тухайлбал, Орхон, Булган аймгийн төсөвт орлого бүрдүүлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт хийж байна. 2002 оноос эхлэн Булган аймагт усны болон түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр төлж эхэлсэнтэй холбоотойгоор Булган аймаг улсын төсвөөс татаас аваагүй. Энэ нь улсын төсөвт Эрдэнэт үйлдвэрийн үзүүлж буй том хувь нэмэр гэж хэлж болно. 2003-2006 оныг судалж үзэхэд, Орхон аймгийн төсвийн орлогоос Эрдэнэт үйлдвэрийн орон нутагт оруулсан орлого давсан байна. Эндээс харахад, Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн төсвийг дангаараа бүрдүүлээд зогсохгүй улсын нэгдсэн төсөвт ч давхар орлого төвлөрүүлдэг байсныг илэрхийлдэг.
Гадаад валютын нөөцийн бүрдүүлэлтэд ч Эрдэнэт үйлдвэр том байр суурь эзэлж байна. 2023 онд гэхэд Монгол банканд 1.1 тэрбум доллар тушаасан нь улсын гадаад валютын нөөцийн гуравны нэгийг бүрдүүлж буйг харуулсан. Нөгөө талаар, Эрдэнэт үйлдвэрийн хувь нэмэр гадаад валютын ханшинд хэрхэн нөлөөлж буйд дүн шинжилгээ хийлээ. 2019 онд ам. долларын ханш 2800 төгрөг байсан бөгөөд хэрэв Эрдэнэт үйлдвэр нөлөөлөөгүй бол тухайн үед 900 төгрөгөөр ханшийн уналт нэмэгдэх магадлалтай байсныг тооцооллоор гаргалаа.
Ийм олон эерэг үр нөлөөг судалгааны ажлын явцад тодорхойлж гаргаснаар Эрдэнэт үйлдвэрийн болон уул уурхайн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах, эдийн засаг нийгэмд өгч буй дэмжлэг, нөгөө талаар, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төрийн өмчит үйлдвэрийн газрын өгөх үр ашгийг тооцоолж, дүгнэх, цаашид зорилт бодлогодоо бодитой тусгах боломжийг нээж буйгаар чухал ач холбогдолтой юм.
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0