Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энхийн санаачилгаар Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өрнөж буй “Нэг ажилтан-Нэг цэцэг” аяны үргэлжлэх хугацааг нэг сараар сунгаж, ирэх оны нэгдүгээр сарын 10-нд үр дүнг танилцуулахаар Ажлын хэсэг шийдвэрлэжээ.
Ногоон ажлын байр бий болгох зорилтыг хангахад, цех, нэгжүүд өөрийн онцлогийг илтгэсэн төлөвлөлт, тохижилт хийхэд, нэг өнгийн саваар жигдрэхийн тулд өвлийн улиралд цэцгийг нэг савнаас нөгөө рүү шилжүүлэхэд дасах хугацаа хэрэгтэй байгаа тул уг аяны үргэлжлэх хугацааг сунгах хүсэлт бүтцийн нэгжүүдээс ирж байгааг харгалзан үзэж, Ажлын хэсэг ийнхүү шийдвэрлэсэн байна.
Түүнээс гадна төвлөрсөн газрууд болох Ерөнхий захиргааны нэг, хоёрдугаар байрны газар, хэлтсүүд нэгдэж, жижиг цэцгээс гадна том цэцгээр тохижилт хийх санаа, шийдэлтэй зохион байгуулалтад ороод ажиллаж байгааг Нийгмийн харилцааны хэлтсийн Хамтын ажиллагаа, төслийн албаны дарга Д.Эрдэнэбат мэдээллээ.
Өнгөрсөн нэг сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 29 нэгж “Нэг ажилтан-Нэг цэцэг” чалленжид нэгдэж, 2000 гаруй цэцэг цугларчээ. Одоогийн байдлаар Оёдлын цех, Спорт цогцолбор, Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Засвар, механикийн завод ногоон ажлын байр тохижуулах ажилд манлайлж явна.


















