Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр өгөөж, ач холбогдлыг тодорхойлон дүгнэх ажлыг ойрын өдрүүдэд хийж, олон нийтэд хүргэхийг удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн онцоллоо. Энэ 7 хоногт Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 46 жилийн ой тохиох бөгөөд сүүлийн 8 жилд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ямар үр өгөөж, ашиг шим өгснийг эргэн харж, дүгнэх, цаашдын зорилт зорилгодоо үр дүнг нь тусган ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий захирал онцолж, бүтцийн нэгжийн удирдлагуудад тодорхой үүрэг даалгавар өгсөн юм. Хөрөнгө оруулалтын үр өгөөжийн тооцоолол гэдэг нь дан ганц мөнгөн дүнгээс гадна үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, техникийн шинэчлэлийн үр шимээр сул зогсолт багассан, цаг ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдалд гарсан ахиц дэвшил, эрчим хүчний хэмнэлт гэх зэрэг бүхий л талаас нь дүгнэж, гаргасан үзүүлэлт гэдгийг тодотгож, үүнийг цех, нэгж бүхэн тодорхой гарган Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтэст төвлөрүүлэн нэгтгэхийг анхаарууллаа.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хийсэн мэдээлэлдээ, 2023-2024 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн нутагт 2000 га талбайн техникийн нөхөн сэргээлт хийх Засгийн газрын даалгаврыг биелүүлж, уг ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн тухай танилцуулав. Энэ ажилд Геологи, маркшейдерийн хэлтсээс гүйцэтгэлийн хэмжилт хийж, мэргэжлийн байгууллагуудын тооцоо судалгааны дагуу гүйцэтгэсэн, гэж үнэлсэн байна.
Энэ долоо хоногт Ил уурхайд шинэ экскаватор угсарч, ажилд гаргахаар төлөвлөж байна. Одоогоор угсралт тохируулгын ажил үргэлжлэн хийгдэж буй аж. Өнгөрсөн сарын дундуур Ил уурхайд эхний экскаваторыг ашиглалтад оруулсан бол одоо хоёр дахь ээлжээ угсарч дуусгахаар ажиллаж байна. Энэ нь 2024 оны төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Мөн ирэх баасан гарагт Ил уурхайд шинээр баригдсан Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авна. Энэхүү шинэ үйлдвэр жилд 15000 тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Өнөөдрийн байдлаар, хоёр ээлж туршилтын горимд ажиллаж, 5000 тонн бодис үйлдвэрлэж байгааг Ил уурхайн удирдлага мэдээллээ.
Авто тээврийн цехийнхэн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу Комацу фирмийн хүнд даацын 10 дахь техникийг хүлээн авч, угсран энэ сарын 5-ны өдөр ажилд гаргаад байна. Парк шинэчлэлийн хүрээнд нийт 10 техник нийлүүлэгдсэн бөгөөд эхний ээлжийг 9 сард ажилд гаргасан бөгөөд гурван сарын хугацаанд төлөвлөгөөт бүх техникээ хүлээн авч, угсарч дуусгажээ. Эдгээр Комацу HD 1500-8 маркийн хүнд даацын өөрөө буулгагч 10 ширхэг авто машиныг албан ёсоор хүлээж авах ёслолыг энэ сарын 13-нд Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус үйл ажиллагаанд нийлүүлэгч компанийн төлөөлөл ирж, оролцох юм.
Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны Шилдэг ажилтнуудыг тодруулах Шинэ жилийн баярын үйл ажиллагааг энэ сарын 20-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж буйг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас мэдээллээ. Үйлдвэрийн газрын нийт бүтцийн цех, нэгжүүд өөрсдийн шилдэг ажилтнуудын нэрийг дэвшүүлэн ирүүлснээс нийт таван номинациар 2024 оны Шилдэг 17 ажилтныг шалгаруулж, шинэ оны босгон дээр алдаршуулах юм.















