“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХЭМАБ-ын үйл ажиллагааны тайлангийн хурал өнөөдөр Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд боллоо. Энэхүү тайлангийн хуралд үйлдвэрийн газрын удирдлагууд, газар, хэлтэс, бүтцийн нэгжийн дарга, ерөнхий инженер, ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, Үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага, Орхон аймгийн ХАБЭА-н зөвлөл, МХГ, НДГ, Гэрээт байгууллагын төлөөлөл оролцлоо. Хурлын эхэнд “ХЭМАБ-ын 5А дадал” уралдаанд шагналт байр эзэлсэн видео контентийг танилцуулав. Дараа нь ХАБЭА-н зөвлөлийн дарга, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ХЭМАБ-ын чиглэлээр 2024 онд хийгдсэн ажлын тайлан, цаашид тавих зорилт”, Цацрагийн аюулгүйн товчооны Цацрагийн хяналт, аюулгүй байдал хариуцсан тэргүүлэх инженер Ц.Оргил “ХЭМАБ-ын чиглэл тус бүрээр өгсөн цахим үнэлгээ, цахим санал хүсэлтийн үр дүн”, Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэрт эрүүл мэндийн чиглэлээр хийсэн ажил, 2025 онд тавих зорилт”, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү “ХЭМАБ-ын чадамжийг сайжруулах чиглэлээр хийсэн ажил, ирэх онд тавих зорилт”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүн, Баяжуулах үйлдвэрийн Урвалжийн хэсгийн цахилгаанчин П.Өгөөдэй ““Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, 2025 онд тавих зорилго, зорилт” сэдвээр тус тус илтгэл тавилаа. ХАБЭА-н зөвлөлийн дарга, ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд тавьсан илтгэлдээ: ”2024 онд бид таван зорилт тавьж ажиллалаа. Юун түрүүнд хамгийн үнэт капитал бол хүн гэж томъёолсон. Бид зөв удирдлага, эрүүл ажилтан, аюулгүй техник технологи, манлайлал оролцоо, аюулгүй ажиллагч гэсэн таван бодлогын хүрээнд үйл ажиллагаагаа явууллаа. Тухайлбал, “MNS ISO 45001:2018” стандартын баталгаажуулалт хийлгэлээ. Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн зарим ажлын байрны тоосжилт, дуу чимээ, доргион, химийн хортой хүчин зүйлсийг шат дараалалтайгаар буурууллаа. Белазын жолооч нарыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ухаалаг цаг ашиглаж байна. Уг цагийг хэрэглэснээр шөнийн ээлжний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сайжирсан. Анхан шатны болон дээд шатны удирдлагуудад сургалт амжилттай зохион байгууллаа. 1000 ажилтанг “ХЭМАБ-ын 5А дадал”-д хэвшүүлэх зорилт тавин ажилласан. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байна. Үлдсэн хугацаанд 5А дадлаа 1000 ажилтанд хэвшүүлж ажиллана. Эрсдэлийн менежментийн амин сүнс нь аюулын мэдээллэх байдаг. Энэ ажлын хүрээнд 25 бүтцийн нэгжийн 3943 ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийлээ. 21-ээс дээш үнэлгээтэй 194 ажил дээр бид анхаарч ажиллаж байгаа. Үүний 1060 ажлын байрны эрсдлийг хяналтандаа авч ажиллаж байна. 11 ажлын байранд эрсдэл бууруулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Ингэснээр шаардлагатай тоног төхөөрөмжөө бүтцийн нэгжүүд авч, шинэчлэх ажил хийгдлээ. Сүүлийн таван жилээр хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг аваад үзвэл таван хүнд, 19 хөнгөн осол, 58 эд хөрөнгийн хохирол,дунджаар 1158 осолд хүрсэн тохиолдолд аюулыг урьдчилан сэргийлж ажиллалаа. Энэ нь ХАБ-ын уьдчилан сэргийлэх ажлыг үнэлэх олон улсын аргачлалаар тогтоосон зүйл. Ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах ажлын хүрээнд нөөц бүрдүүлэн ажиллаж байна. Энэ онд 158 ажлын байранд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хэмжилтүүд гарсан. Үүнээс гадна Хөдөлмөрийн эрүүл мэндийн чиглэлээр амьсгал, сонсгол хамгаалах хөтөлбөр, сэтгэл зүйн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна ”хэмээн онцлов. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрт амжилттай хэрэгжүүлсэн “MNS ISO 45001:2018” стандартын гэрчилгээг SFCS ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Өнөржаргал гардуулж, ажлын амжилт хүссэн юм. Төгсгөлд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын албаны дарга Б.Баттайван Тайлангийн хурлын шийдвэрийг танилцуулав. Үүнд:
-2024 онд явуулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааг “Хангалттай” гэж дүгнэв.
-Үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах иж бүрэн арга хэмжээний 2024 оны төсөв, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах.
-Эрсдэлт бүлгийн 700 ажилтныг эрүүл зан үйлд төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлсийн 24 үйлчлэлийг бууруулж, 250 ажилтныг хортой, аюултай хүчин зүйлсийн өртөлтөөс сэргийлэх ажлыг зохион байгуулах.
-Ажлын байрны үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлсийн үйлчлэлийг шат дараалалтай бууруулан “Эрүүл ажилтан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх.
-ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны MNS ISO 45001:2018 стандартын 6.1.2.3, 7.2, 8.1.3, 9.1.2, 10.3-т заасан шаардлагуудын үйл явцыг сайжруулах
-Үйлдвэрийн газрын хэмжээнд ХЭМАБ-ын үнэлгээний ажилтан бэлтгэх чадамжид суурилсан сургалтыг болон “Удирдлагын манлайлал” сургалтыг газар, хэлтсийн удирдлагууд, бүтцийн нэгжийн дарга, ерөнхий инженерүүдийн дунд тус тус зохион байгуулах.
-Бүтцийн нэгжүүдэд 11 төрлийн тоног төхөөрөмж шинэчлэх, Бүтцийн нэгжүүдэд 5 төрлийн дэвшилтэд тоног төхөөрөмж, хоруу чанар багатай 3 төрлийн химийн бодисыг нэвтрүүлэх, Технологийн хяналтад ашиглаж буй 5 цацрагийн үүсгүүрийг чөлөөлж, цөмийн бус технологи нэвтрүүлж цацрагийн эрсдэлийг бууруулах
-Дээд шатны 20, дунд шатны 50, анхан шатны 150 удирдах ажилтны ХЭМАБ-ын манлайлах чадамжийг дээшлүүлэх (ИУ, БҮ, АТЦ, ЗМЗ, ДЦС, ЗУЦ, УХЦ, ЦЦ, ГХЭ, БЗЦ)
-Аюулгүй ажиллагчийг дараах байдлаар бий болгох. Үүнд:
-Ажилтан бүрийг аюулгүй ажиллах 5А дадалд сургах.
-Нийт 1200 ажилтныг аюулгүй ажиллагаанд тасралтгүй сурдаг болгох.
-Нийт 1200 ажилтныг алжаалаа зөв тайлж бие сэтгэлээ ажилд бэлтгэдэг болгох.
-Нийт 1200 ажилтныг ажлыг аюулгүй зөв гүйцэтгэх талаар боддог болгох.
Нийт 1200 ажилтныг аюул эрсдлийг илрүүлж, мэдэгдэж, арилгадаг болгох.
-Нийт 1200 ажилтныг ажлаа зөв гүйцэтгэдэг болгох.
Үйлдвэрийн газрын хөдөлмөрийн хамт олноос дэвшүүлсэн санал, хүсэлт, ХЭМАБ-ын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Ерөнхий захирлын тушаалын хавсралтаар батлуулж, бага хурлын шийдвэр, ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах шийдвэрийг тайлангийн хурлаас гаргав.
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын үйл ажиллагааны тайлангийн хурал боллоо
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















