Монгол Улсад Архивын алба үүсэж хөгжсөний 97, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Мөн өнөөдөр “Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын өдөр” болж байна. Хүний нөөц, захиргааны хэлтсээс тус мэргэжлийн баярын өдрийг оюунлаг байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн.
Тэмдэглэлт өдрийн хүрээнд өнөөдөр Үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж, сүүлийн үед шинэчлэгдсэн эрх зүйн баримт бичгүүдтэй танилцаж, мэдлэгээ нэмлээ.
2023 онд Эрдэнэт үйлдвэрийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор холбогдох баримт бичгүүдэд зарчмын өөрчлөлт орсныг сургалтаар танилцуулсан. Мөн албан хэрэг хөтлөлтөд баримтлах бодлогоо тодорхойлж баталгаажуулснаа танилцуулснаас гадна сүүлийн таван жилд Ерөнхий захирлын баталсан хөтөлбөр, Улсын Ерөнхий байцаагчийн баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу бүтцийн нэгжүүдэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд ямар давуу болон сул тал байсан, цаашид хэрхэн сайжруулах талаар чиглэл өглөө.
Сургалтад оролцогчид “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Засвар, механикийн заводын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын тэргүүн туршлагаас суралцаж, Мэдлэг түгээх ажлын байрны шилдэг төслүүдийн хэрэгжилттэй өнөөдөр танилцах юм.
Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архив зориулалтын шинэ байрандаа нүүж орсонтой холбогдуулан “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулж, үйл ажиллагаагаа сурталчлан, шилдэг ажилтнуудаа урамшуулах аж.
Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын өдрийг мэдлэг түгээн тэмдэглэж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















