“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган өчигдөр болж, 2024 оны үйл ажиллагааныхаа тайланг дүгнэн хэлэлцэж, цаашид Уурхайчин эмэгтэйчүүд нэгдэн ажиллах чиглэлээ тодорхойлон, тэргүүлэгч гишүүдийнхээ тоог нэмэгдүүллээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд зонхилох байр суурь эзэлсээр ирсэн Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч, Уурхайчин хамт олны 34 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Инженер, техникийн ажилчдын 51 хувийг, удирдах ажилтнуудын 19 хувийг бүсгүйчүүд эзэлж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх чуулганыг нээж хэлсэн үгэндээ дурдаад, түүхэн дээд амжилт бүрийн ард эмэгтэйчүүдийн хичээл зүтгэл, торгон мэдрэмж, төгс ухаан, хичээнгүй чанар байдгийг цохон тэмдэглэсэн. Тэрээр тэсвэр тэвчээр, хөдөлмөрийн нарийн горим шаардсан уул уурхайн салбарын хүнд ачааг эрчүүдтэй эн тэнцүү үүрэлцэж яваа Уурхайчин бүсгүйчүүдээрээ бахархан баяр хүргэж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.
Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулганд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн асан Б.Алтанхишиг, Б.Туяа, З.Жаргалмаа болон Эрдэнэт үйлдвэрийн олон нийтийн байгууллагуудын дарга, удирдлагууд, Уурхайчин бүсгүйчүүдийн төлөөлөл 400 гаруй эмэгтэй оролцлоо. Тэд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөгжил, цаашлаад цахим халдлага, мөрийтэй тоглоом, мансууруулах бодисын хэрэглээ, хүүхдийн хүмүүжил, нийгмийн сэтгэл зүйн асуудалд анхаарал хандуулж, үйл ажиллагаагаа энэ зүгт чиглүүлэхэд санал нэгдэв.
Мөн чуулганы төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн 2400 гаруй эмэгтэйчүүдийн төлөө ажиллах тэргүүлэгч гишүүдийн тоо 11 байгаа нь өнөөдрийн түвшинд хүрэлцэхгүй, бодлого үйл ажиллагаагаар бүрэн хангаж чадахгүй гэж үзсэн учир Эмэгтэйчүүдийн холбооны дүрмэмд өөрчлөлт оруулж, тэргүүлэгч гишүүдийн тоог 15 болгон нэмэгдүүлсэн юм. Одоо ажиллаж буй тэргүүлэгчид дээр нэмэгдэн ажиллах дөрвөн гишүүний сонгуульд 12 хүн нэр дэвшин өрсөлдөж, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа, Ногоон хөгжлийн төслийн нэгжийн Судалгаа, инновац хариуцсан ойн инженер У.Уянсанаа, Дулааны цахилгаан станцын ажилтан Б.Амаржаргал, Оёдлын цехийн үйлчин Д.Баярчимэг нар олонхын санал авч Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлд сонгогдлоо.
Чуулганы үеэр Эрдэнэт үйлдвэрт олон жил, үр бүтээлтэй ажилласан 12 эмэгтэйг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойн “Дурсгалын тэмдэг”-ээр шагнасан бол нягт хамтын ажиллагаатай ҮЭ-ийн холбооны хамт олон гадаадад аялах эрх сугалуулж, хоёр азтан тодруулан, чуулганы төлөөлөгчдөд гэнэтийн бэлэг барьсан. Эгнээ, суудлын тоо сугалахад Чанарын хяналтын хэлтсийн ажилтан Н.Отгонсүрэн, ХАБЭА-н хэлтсийн Хувцасны агуулахын нярав Д.Хулан нар азтанаар тодорч, гадаадад аялах эрх гардав.
Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд, Эмэгтэйчүүдийн холбооны анхан шатны зөвлөлүүд бүсгүйчүүдийнхээ бүтээл, урлалаар үзэсгэлэн гаргасан нь хүндэт зочид болон чуулганы төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татсан. Ерөнхий инженер Т.Батмөнх Уурхайчин эмэгтэйчүүдийн зурсан, урласан, шагласан бүтээлийг үзээд, Эрдэнэт үйлдвэрийнхээ онцлогийг илтгэсэн сайхан бүтээлээр бэлэг дурсгалын сангаа дотоодоосоо баяжуулах боломж байгааг олж харснаа илэрхийлсэн. Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид Уурхайчин бүсгүйчүүддээ тусгайлан бэлтгэсэн концертоо толилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит чуулган ойлголцол, зөвшилцөл дүүрэн өндөрлөлөө.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДҮРЭМДЭЭ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТООГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0