Зууны манлай үйлдвэр дагаж боссон Эрдэнэт хотыг цаашид аялал жуулчлалын хот болгох, аялал жуулчлалыг төвлөрүүлж, хөгжүүлэх зорилгоор Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Travel partnership-2024” уулзалт, үйл ажиллагааг зохион байгууллаа. “Зэс-Агула” ресорт санаачлан, Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, “Meat cook” ХХК-ийн Хүннү, Calm ресторан хамтран зохион байгуулсан үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбооны удирдлага болон гишүүн байгууллагуудын 34 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл хүрэлцэн ирж, оролцов.
Оролцогчид хоёр өдрийн хөтөлбөрийн дагуу өнөөгийн Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэртэй танилцах аялал хийж, “Зэс-Агула” ресорт, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, “Seven nuga” ресорт зэрэг газруудад зочлон, туршлага солилцохын зэрэгцээ ажил хэрэгч уулзалт хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Сайн байна уу Эрдэнэт” хөтөлбөр, тойрон аяллыг өргөжүүлэн, аялагчдыг татах чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах олон үйл ажиллагааны эхлэлийг тавьснаараа “Travel partnership-2024” үйл ажиллагаа өндөр ач холбогдолтой боллоо, гэж “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан онцолсон.
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд цугларч, цаашдын чиглэл зорилгоо тодорхойлж, санал санаачилгаа нэгтгэж байгаа нь чухал гэдгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлогын газрын мэргэжилтэн А.Заяа, Соёл. урлагийн цогцолборын дарга Б.Баттулга нар энэ үеэр санал сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Travel partnership-2024” үйл ажиллагааг “Зэс-Агула” ресортоос санаачлан, Эрдэнэт хотод зохион байгуулахдаа Орхон аймагт гадаад, дотоодын жуулчдыг олноор татах, орон нутгийнхаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг салбарын холбоод, тур оператор компаниуд болон жуулчны баазуудын удирдлагуудад танилцуулах, цаашид Эрдэнэт хотоо аялал жуулчлалын идэвхтэй бүс нутаг болгон хөгжүүлэх, эдгээрийг бодлогын түвшинд дэмжих зэрэг өргөн зорилт дэвшүүлсэн байна.















