Эрдэнэт үйлдвэрийн Аж ахуй, үйлчилгээний цехээс Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний алба болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилчдын дунд цэвэрлэгээ, үйлчилгээний шаардлага, стандартыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын чанар, арга барилыг сайжруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ажил мэргэжлийн уралдаан-2024” амжилттай өндөрлөж, шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр Ерөнхий захиргааны 2-р байрны “Сүлд” танхимд боллоо.
Энэхүү ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн Х.Оюунтунгалаг, Төр захиргааны үйлчилгээ эрхлэх газрын Сургалтын төвийн ахлах мэргэжилтэн, тус уралдааны Ерөнхий шүүгч Б.Энхтөр, Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албаны дарга Ц.Одгэрэл нарын албаны хүмүүс оролцов.
Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцогчдод баяр хүргэхийн сацуу цэвэр, тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажилладаг үйлчлэгч бүсгүйчүүдэд талархал илэрхийлсэн юм. Мөн тус цехээс эхлүүлсэн “Нэг ажилтан-Нэг цэцэг” аян үйлдвэрийн газрын хэмжээнд өргөн цар хүрээтэй өрнөж байгааг онцлон дурдсан.
Албан тасалгааны цэвэрлэгээ, Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ гэсэн төрлөөр хоёр өдрийн турш нийт 13 байгууллагын 20 гаруй үйлчлэгч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Албан тасалгааны цэвэрлэгээний төрөлд тэргүүн байрт Аж ахуй, үйлчилгээний цехийн албан тасалгааны цэвэрлэгч Д.Эрдэнэбулган, дэд байрт Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан М.Баярмаа, гутгаар байрт Орос 19 дүгээр сургуулийн цэвэрлэгч Н.Цэрэнпил нар шалгарч цом, мөнгөн шагнал хүртэв.
Харин Ариун цэврийн өрөөний төрөлд Аж ахуй, үйлчилгээний цехийн үйлчлэгч Б.Отгонтуяа тэргүүлж, Спорт цогцолборын үйлчлэгч Д.Бямбасүрэн, Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан Г.Оюун нар удаалсан байна.
Сэтгэлээр үнэлэгдэж, харцаар тодорхойлогддог үйлчилгээний ажилчдын ажил мэргэжлийн уралдаанд багийн дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон тэргүүлж, ялагчийн шагнал хүртэв. Харин хоёрдугаар байрт Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албаны хамт олон, гуравдугаар байрт Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын үйлчлэгч нар шалгарч, шилдгийн цом, мөнгөн шагнал хүртлээ.
Энэ үеэр уг уралдаанд амжилттай оролцсон Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан О.Оюун, Аж ахуй, үйлчилгээний цехийн албан тасалгааны цэвэрлэгч Д.Эрдэнэбулган нарын энгэрийг Монголын Эмэгтэйчүүдийн холбооны “Хүндэт тэмдэг”-ээр мялаасан юм. Мөн зохион байгуулагчид “Ажил мэргэжлийн уралдаан-2024”-ийн нийт оролцогчдод болон ажлын байр, бусад хэрэглэгдэхүүнээр туслалцаа үзүүлж хамтран ажилласан Спорт цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Соёл, урлагийн цогцолборт дурсгалын зүйл гардуулснаар ёслол өндөрлөв.















