Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хийсэн мэдээлэлдээ: “Дэлхийн дулаарал их явагдаж, хүлэмжийн хий их ялгаруулж байна. Иймээс 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг анх санаачилсан. Эрдэнэт үйлдвэр мод тарих ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийж байна. Мод тарихад үр хэрэгтэй. Бид эндээс ажлаа эхэлсэн. Тэр модны үр өсөн бойжих орчин хэрэгтэй. 10 сая модыг олон мянган хүн цуглаад тарих боломжгүй. Тиймээс үйлдвэрлэл явуулна. Уул уурхайн салбар дэлхий нийтийн анхаарлыг татаж яригдаж эхэлсэн. Төрийн тэргүүнүүдийн хэмжээнд ашигт малтмал ярих болсон. Тэгэхээр манайх баяжмалаа хил давуулж арилжаалдаг. Одоо хил давж худалдах баяжмал дээр каргогийн торгууль тавих болсон. Тэгэхээр бидний зэсийн баяжмалын өрсөлдөх чадварууд дээр татварууд ноогдоно. 2013 онд манай үйлдвэр нэг сая хүлэмжийн хий ялгаруулж байсан. Үүнээс хойш бид Дулааны цахилгаан станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмсэн болохоор хүлэмжийн хийн үзүүлэлт өссөн. Тэгэхээр аливаа нэг компани ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээгээ бууруулах бодлого, технологи нэвтрүүлбэл тэр бууруулсан хэмжээгээрээ мөнгө авах боломжтой. Нөгөө талаар шилмүүст модны төрөл болгон өөр өөр хэмжээгээр хүлэмжийн хийг өөртөө шингээгээд хүчил төрөгч ялгаруулдаг. Дэлхийн уур амьсгалын нөлөөлөлд мод тарих нь маш чухал нөлөө үзүүлдэг. Ер нь мод тарихын ач холбогдлыг зарим улс төрчид ойлгодоггүй. Тэр хүмүүст мод тарих нь дэлхийн дулаарал, цөлжилтөд нөлөөлөөд зогсохгүй манай зэсийн баяжмалын өрсөлдөх чадварыг дам утгаараа нэмэгдүүлж байгаа юм, гэж тайлбар өгдөг. Бид ойн генетикийн нөөцийн төв дээрээ модныхоо үрээ цуглуулаад дотроос нь эрүүл бойжих үрийг нь лабораторийн аргаар салган авч био технологийн төвд хөрсжүүлэн бортоготой моднууд үйлдвэрлэж байна. Энд үр бий болно. Хөрс бий болно. Нийт 130 га талбайн 10 га нь автомат хүлэмж болно. Бусад 120 га нь уламжлалт аргаар мод тарих цогцолбор болох юм” гэв.
Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа: “Бид Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Манай улсын хувьд ийм төв байгуулагдсан нь онцгой ач холбогдолтой. Жишээ нь хөрсний доройтол, цөлжилтөд 77 хувь нь нэрвэгдсэн талаар ярьж байна. УИХ-аас Ерөнхийлөгчид өргөн барих төслүүд яригдаж байгаа. Энэ нь “Цөлжилттэй тэмцэх тухай хууль” юм. Үүнтэй тэмцэхэд нөхөн сэргээлт, модны үрийг лабораторийн аргаар гарган авах нь маш чухал. Энд нэгдүгээрт, үрийн нөөцийг бий болгож судалгаа, шинжилгээний ажил хийж байна. Хоёрдугаарт, үрээ ялгаж, суулгацаа бэлтгэж байна. Үүнийг нь хувийн хэвшлийнхэн хийвэл их хөрөнгө мөнгө, хүн хүч шаардана. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай салбартай холбоотой чухал төвийг байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд ашиг тусаа өгөх юм. Энэ төв байгуулагдсанаар олон ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийнэ. Манай яамны Ойн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байсан. Тэгвэл одоо бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтарч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний албыг байгуулах болсон. Энд олон улсын санхүүжилтийг татах, дэлхийн хүлэмжийн хийн бууруулалтад Монгол Улсын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх гэх мэт хийх ажил их байна. Манай Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидний өмнөө тавьсан зорилгод идэвхтэй оролцож байгаад их баяртай байна. Мөн аж ахуйн нэгжүүдийг байгаль орчноо хамгаалахад Эрдэнэт үйлдвэрийн жишгээр оролцуулахын тулд саяхан шинэ хууль батлагдсан. Энд Аж ахуйн нэгжийн татвараас тодорхой хувийг байгаль орчноо нөхөн сэргээх, мод тарих, цөөрөм байгуулахад зарцуулбал түүнийг нь татвараас чөлөөлдөг чухал хуулийг батлуулсан. Энэ хуулийн хүрээнд манай уул уурхайн компаниуд, аж ахуйн нэгжүүд үндсэн үйл ажиллагаанаасаа гадна эх орныхоо байгаль экологийг хамгаалах чиглэлд ажиллах хууль эрх зүйн орчин бүрдэж байна” хэмээн онцлов.