Эрдэнэт үйлдвэрийн Соёл, урлагийн цогцолбороос санаачилан Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Эрдэнэтийн сонат-2024” Улсын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр тус цогцолборын их танхимд боллоо.
Өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт цахим хэлбэрээр явагдсан бөгөөд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Гавь-Алтай, Ховд, Говьсүмбэр, Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл аймгийн 50 гаруй багшийн 400 орчим сурагч оролцсон байна. Эндээс хоёрдугаар шатанд өсвөрийн 218 төгөлдөр хуурч шалгаран, уурхайчдын их дууллын өргөөнд авьяас билгээ сорин өрсөлдсөн юм. Улсын уралдааны шүүгчээр Монгол Улсын Консерваторын профессор У.Цэцэгмаа, СУИС-ийн хүндэт профессор Ц.Уртнасан, Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбооны Тэргүүн Б.Мөнхтуяа нар ажиллалаа.
Шүүгчид Монголын өсвөрийн төгөлдөр хуурчдын чансаа өндөр болсныг онцлоод, гар хурууны тавилт, авалтаас эхлээд өнгө, өгүүлэмж, амьсгаа, агаар зэрэг мэргэжлийн түвшний шалгуураар үнэлэх хэмжээнд хөгжиж байгааг энэ үеэр бахархан дурдав. Хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол олгох, авьяас билгийг нь дэмжин хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан “Эрдэнэтийн сонат-2024” өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын уралдааны үнэлгээг олон улсын түвшинд ойртуулах үүднээс босго оноог 90-ээс эхэлж дүгнэснийг мөн хэлсэн.
Өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын уралдааны ганцаарчилсан төрлийн 5 хүртэлх насны ангилалд Хүдэрмөнхийн Мөнх-Эгшиглэн тэргүүн байр эзэлж, дэд байрт Х.Эрдэмбаяр, гутгаар байрт С.Маргад, Б.Мишээл, З.Энхжин нар шалгарлаа. Харин ганцаарчилсан төрлийн 6-7 насны ангилалд Эрдэнэцогтын Мөнх-Эрдэнэ, Отгончулууны Анир нар тэргүүн байрын шагнал хүртсэн бол хоёрдугаар байрын шагналыг Б.Аминдарь, Б.Хашбаяр, О.Ундрах, Н.Сондор, П.Пүрэвтогтох, Э.Ундармаа, Г.Нандин, З.Энхгэрэл, Э.Хангай, Г.Өнөржаргал нарын 14 хүүхэд, гуравдугаар байрын шагналыг О.Амингоо, А.Жаргалмаа, Л.Түмэн-Аюуш нарын зургаан хүүхэд хүртэв. Ганцаарчилсан төрлийн 8-9 насны ангилалд Дондовсүрэнгийн Бишрэлт, Энхбатын Хулангоо Жавхлангийн Сүмбэр, Болдбаатарын Сувд нар тэргүүлж, дэд байрт О.Мөнгөншагай, Л.Энэрэл, У.Нарангэрэл, Б.Үлэмж-Эрдэнэ, Б.Цэцэндарь, Э.Эрмүүн, П.Анужин, Б.Уранлхам нарын 12 хүүхэд, гутгаар байрт Б.Билгүүнзаяа, О.Бат-Ерөөл, П.Номундарь, Б.Наранмишээл, М.Бүжинлхам нарын 25 сурагч шалгарав. Харин 10-11 насны ангилалд Тэргүүн байрын шагналыг Амарын Даръяа хүртэж, хоёрдугаар байрт Э.Буяндэлгэр, Б.Мөнхжин, Б.Ивээлт, М.Есүй, Г.Саруул-Ирээдүй, Г.Сэндэр, О.Сүндэръяа, У.Дөлгөөн-Ундарга, Э.Тулга нарын 16 хүүхэд, гуравдугаар байрт М.Гоомишээл, П.Гэрэл, Ч.Хулан, П.Энхбаясгалан, М.Түвшинбаяр, О.Оюун-Эрдэнэ нарын 18 сурагч тодорлоо.
Өсвөрийн төгөлдөр хуурчдын Улсын анхдугаар уралдаан 09.00-23.00 цаг хүртэл үргэлжилж, долоон насны ангиллаар, ганцаарчилсан болон хоршил төрлийн шилдгүүдийг тодруулсан юм. Ганцаарчилсан төрлийн 12-13 насны ангилалд Ганхуягийн Цэлмэг, Анарын Есүй, Тэнгисболдын Гүнж нар тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Э.Марал, Э.Гарьд, А.Ивээлт, Т.Цэлмэг нарын 15 хүүхэд, гутгаар байрт Х.Номинжин, Б.Учрал, Ж.Баасансүрэн, У.Энхжин нарын найман сурагч шалгарав. Харин 14-15 насны ангилалд Тэргүүн байрын шагналыг Т.Төгөлдөр, хоёрдугаар байрын шагналыг Т.Мандахбаяр, Ө.Наранжаргал, З.Есүгэн, С.Хүслэн нар, гуравдугаар байрын шагналыг Ц.Марал, Б.Тэнгис, Н.Дэлгэрмаа, Х.Намуундарь, Г.Нандин-Эрдэнэ нар хүртлээ. Улсын уралдааны 16-аас дээш насны ангилалд М.Бат-Эрдэнэ тэргүүн байрт шалгарч, П.Азжаргал, Г.Номин, А.Гүнттөгс, М.Нандин, Ц.Мөнхгэрэл нар удаалав. Харин хоршил төрлийн найм хүртэл насны ангилалд Б.Аминдарь, А.Эмүжин нар тэргүүн байр эзэлсэн бол 09-12 насны хоршил төрөлд Ж.Сугар, Хулангоо, 13-16 насны ангилалд З.Есүгэн, Т.Гүнж, 17 наснаас дээш ангиллын хоршил төрөлд М.Нандин, Н.Гэрэлмаа нар тэргүүллээ.
Өсвөрийн төгөлдөр хуурчдын “Эрдэнэтийн сонат-2024” Улсын уралдааны шилдгийн шилдэг Гран при шагналын эзнээр Тэгшжаргалын Төгөлдөр тодорсон юм.
“Эрдэнэтийн сонат-2024” Улсын уралдаанд өсвөрийн 400 орчим төгөлдөр хуурч өрсөлдлөө
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0